ХОМ: УИХ-ын гишүүдээс хэн хэний орлого буурсан бэ

587
АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг зарлалаа. Бид энэ удаа УИХ-ын гишүүдээс хэнийх нь орлого буурсныг хүргэж байна. 
 
Ц.Гаравжав гишүүний орлого 394 саяас 39 болтлоо буурчээ
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав 2016 онд нэг тэрбум 394 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан билээ. Гэтэл түүний орлого нэг жилийн хугацаанд 39 сая төгрөг болтлоо огцом буурчээ. Тэрбээр 217 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, “Монполимет” ХХК-иас 12 тэрбум төгрөгийн авлага, Худалдаа хөгжлийн банкинд 7.8 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн байна. Мөн 40 сая төгрөгийн хадгаламж бэлэн мөнгө, дансны үлдэгдэлтэй гэнэ.
Экс Ерөнхий сайдын орлого буурч, гэр бүлийн орлого нь өсчээ 
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын жилийн орлого 194 саяас 169 сая төгрөг болж буурсан бол гэр бүлийн орлого нь хоёр дахин өсч 375 сая болсон байна. Түүнчлэн тэрбээр гурван орон сууцныхаа нэгийг, мөн тооны тээврийн хэрэгслийнхээ хоёрыг нь цөөлсөн бол хадгаламж бэлэн мөнгө нь 74 саяас 114 болж нэмэгджээ.
Ж.Батзандан гишүүн ихэнх орлогоороо мал худалдаж авав уу
УИХ-ын гишүүн Ж.Батзандан 2016 онд 402 саяар үнэлэгдэх 478 толгой малтай байсан бол 2017 онд 1.2 тэрбумаар үнэлэгдэх 600 толгой малтай болжээ. Түүний орлого 446 саяас 19 дахин буурч, 24 сая болсон бол гэр бүлийн гишүүдийн орлого 185-аас 357 сая болжээ. Ингэснээр түүнийг ихэнх мөнгөөрөө мал худалдаад авчихаа юу хэмээн жиг жуг хийх болжээ.
А.Сүхбатын орлого буурсанч хадгаламж нь өсчээ
УИХ-ын гишүүн А.Сүхбатын орлого жилийн дотор тав дахин буурч 283 саяас 57 сая болжээ. Тэрбээр 2016 онд л Г.Бат-Очир, Д.Бат-Өлзий нараас 548 саяыг авлагатай, Хаан банкинд 143 саяын зээлтэй байсан. ХОМ-ээс нь харахад өр авлага, үнэт эдлэлд нь огт өөрчлөлт ороогүй байна. Гэхдээ гишүүн 52 саяын хадгаламжаа 106 сая болгож өсгөжээ.
Д.Гантулга 40 саяын зээлтэй 
УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга өмнөх ХОМ-тээ нэг тээврийн хэрэгсэл буюу “Lexus-470” машинтай гэж байсан. Тэрбээр энэ удаа “Toyota Will”, “Mercedes Benz-S305 ” гэсэн хоёр автомашин мэдүүлжээ. Гишүүн 2016 онд нэг хурдан удмын адуутай байсан бол өнгөрсөн жил долоо болж үржсэн байна. Мөн түүний өрхийн орлого 2016 онд 106 орчим сая төгрөг байсан бол өнгөрсөн жил 73 сая болж буурсан. 40 орчим сая төгрөгийн зээлтэй Д.Гантулга гишүүн таван сая 654 мянган төгрөгийн данстай.