“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд Ерөнхий сайдын өрөөнд нүүрсний үнийг нэмсэн талаар өнөөдөр мэдээлэл хийсэн. Үүний дараа тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд хэвлэлийнхэнд ярилцлага өглөө.
Д.Ариунболд “Эрдэнэс-Таван толгой” компани Цанхийн Баруун уурхайн нүүрсний 1 тонныг 71.5 ам.доллараар шууд уурхайн аман дээрээс зарахаар боллоо. Өмнө нь уурхайгаас боомт хүртэл 200 гаруй км тээвэрлээд 70 ам.доллараар зарж байсан.
Бид өнөөдөр энэ үнийг зах зээлд хэр ойртсоныг судалж үзсэн. Одоогийн үнэ зах зээлд хамгийн ойртсон ханш гэж үзэж байгаа. Манай компани зөвхөн Баруун Цанхиас гарсан нүүрсийг өөрсдөө борлуулах эрхтэй. Зүүн Цанхиас гарсан нүүрсийг Чалкогийн өр төлбөрт нийлүүлдэг. Энэ үнэ гуравдугаар сарын 31-н хүртэл явна. Оны эцсээр бид Чалкод 76.5 сая ам. долларын өртэй байсан.
Тэгэхээр бид оны эхний гурван сард өндөр үнээр нүүрсээ нийлүүлчихээд байдлыг харна. Чадвал дөрөвдүгээр сарын 1-н гэхэд Чалкогийн өрийг бүрэн дарна.
Нүүрсний үнэ арванхоёрдугаар сард ханасан байдалд хүрч, одоо буурах хандлагатай болоод байна. Энэ нь Хятадын баримталж байгаа бодлоготой холбоотой.
Хятадын тал хаагаад байсан уурхайнуудаа нээж байгаа учраас нүүрсний үнэ буурч байна” гэв.