Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Хөвсгөл, Говь-Алтай аймагт тус тус 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр, Төв аймгийн Аргалант суманд 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр товлосон хурдан морины уралдааныг хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд зогсоохоор өнөөдөр шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Засгийн газар 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 2017 онд зохион байгуулах хурдан морины Хаврын болон Зуны уралдааны товыг баталсан юм.
Энэхүү шийдвэрийг эсэргүүцэж “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ” Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага, “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ” Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагууд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Харин шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” хүсэлтийг хангажээ.