Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилсон нь буруу гэж үзэж иргэд эсэргүүцлээ илэрхийлж БЗД-ийн гадаа цуглаад байгаа юм. Энэ үеэр цагдаа нар хүч хэрэглэж, иргэдийг бороохойдож нулимс асгаруулагч хэрэглэсэн, жирэмсэн хүн рүү газ цацсан гэх мэдээлэл гараад байгаа юм.
Тэгвэл үүсээд байгаа асуудлын талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн ерөнхий газарт эмх замбараагүй байдал үүссэн гэсэн дуудлага ирсний дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн ажилтнууд иргэдийн амгалан тайван байдлыг хангахын тулд эмх замбараагүй байдлыг тараах, таслан зогсоох арга хэмжээ авч ажилласан. Одоогоор үймээн самуун намжсан байна.
Олон нийтийн сүлжээ болон хүмүүсийн ярьж байгаа шиг иргэдийг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хэрэглэж, иргэдийг бороохойдсон гэдэг нь ташаа мэдээлэл.
Харин энэ үеэр иргэд цагдаагийн албан хаагч руу нунтаг зүйл цацсан хэрэг гарсан. Ямар нунтаг зүйл цацсан нь одоогоор тодорхойгүй байна. Хэргийн газарт шалгалт хийж байгаа.
Мөн энэ үеэр иргэдийн дунд гэмтэж бэртсэн хүн байхгүй, иргэдийг ганц худаг руу ачсан гэх нь ч худлаа мэдээлэл.
Цагдаагийн ажилтнууд хуулийн дагуу үүргээ гүйцэтгэсэн. Иргэдийг гэмтээх, нулимс асгаруулагч хэрэглэсэн зүйл огт байхгүй” гэсэн тайлбарыг өглөө.