У.Хүрэлсүх:Өвөрхангайнхан төрийн залгамж чанарыг маш сайн хадгалж явдаг

282

Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт ажиллаж, МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын  сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд нартай хамт иргэд сонгогчидтой уулзаж, өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа тайлагнаж, ирэх дөрвөн жилд хийх мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шударга ёсны асуудлыг манай нам нэгдүгээр тавьж байгаа. Монгол хүн бүр байгалийн баялгийг адил тэгш эрхтэйгээр хүртэх ёстой. Өнгөрсөн 30 жил ард иргэд бид нийтийн өмч буюу улсын өмчит үйлдвэрүүдээ, байгалийн баялгаа хулгайч дээрэмчид, олигархуудад алдсан. Монгол улсын төр засаг өнгөрсөн гурван жилд алдсан эд хөрөнгөө эхнээс нь эргүүлж авч, үр шимийг нь ард иргэдтэйгээ хуваалцаж эхэллээ. Жишээлбэл, 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Ч.Сайханбилэгийн Засгийн газар улсад ашиггүй гээд “Эрдэнэт” үйлдвэрийг хууль бусаар буюу ард иргэд бидний мөнгөөр биднээс худалдан авсан байдаг. Хувьчлагдсанаасаа хойш улсад хоёр тэрбум төгрөгийн татвар төлж байсан тус үйлдвэрийг бид эргүүлэн авч,  үйл ажиллагааг нь сайжруулан онцгой дэглэм тогтоож  ажиллуулснаар нэг их наяд төгрөг  улсын төсөвт орууллаа. Улсын үйлдвэр ашиггүй биш ашигтай гэдгийг эндээс харж болно. Тэндээс олсон мөнгөөр бид ахмадуудынхаа тэтгэвэр, цалинтай ээж, хүүхдийн мөнгөө тавьж эхэлсэн. Цаашид ч хувьчлагдсан улсын үйлдвэр, стратегийн ордуудаа улсдаа эргүүлэн авч, үр шимийг нь ард иргэдтэйгээ хуваалцах болно” гэж онцлов.

Өвөрхангай аймгийн  УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нар бол тулхтай  төрийн түшээд. Өвөрхангайчууд та бүхэн төрийн түшээдээ шат шатлалаар бэлтгэдэг  юм байна. Өвөрхангай аймгийнхан төрийн залгамж чанарыг маш сайн хадгалж явдаг, төрд гарсан хүмүүс нь дараа дараагийн хүмүүсээ сайн бэлтгэсэн байдагт нь Ерөнхий сайдын хувьд талархаж байна гэв.

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх  тус тойрогт нэр дэвшиж буй  Д.Тогтохсүрэнг улс төрийн ноён нуруутай,ард түмнийхээ дунд амьдардаг хүн гэж тодорхойлсон бол  С.Чинзоригийг   Засгийн газрын хамгийн хүнд ачааг үүрч яваа, төрийн ноён нуруутай, аймаг орон нутгийнхаа амьдралыг сайн мэддэг сайд гэлээ.  Харин Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболдыг “ Аймгийн дарга байсан хүнийг төрийн ажилд оролцуулбал онол яриад байхгүй, амьдрал мэддэг” гэлээ. 

Харин Өвөрхангайчууд  У.Хүрэлсүхийн Засгийн газар өмнөх засгуудаас илүү сайн ажиллаж байгаа гэлээ.  Өвөрхангай  аймагт л гэхэд өнгөрсөн жилүүдэд маш олон бүтээн байгуулалтууд хийгджээ.  Тухайлбал, мах нядлах, дулааны аргаар ноос угаах, самнах, эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд барьж ашиглалтад оруулжээ. Мөн Баянтээгийн уурхайг түшиглэн цагт 20-30 тн шахмал түлш үйлдвэрлэх “Сайжруулсан түлшний үйлдвэр”-ийг барьж байгуулжээ.  Аймгийн төвийн гэр хорооллын хатуу хучилттай авто замаар холбох,“Ахмадын өргөө”, “Хүүхдийн ордон”, “Хүүхдийн номын ордон” кино театрыг ашиглалтад оруулсан,  Арвайхээр , Хархорин, Нарийн тээл, Есөнзүйл сумдын хүүхдийн сургуулийн барилга, Арвайхээр, Хужирт, Хархорин сумдын цэцэрлэг, Баруунбаян, Уянга, Хархорин сумдад сургуулийн дотуур байр, Төгрөг, Хайрхандулаан, Өлзийт, Зүүнбаян-Улаан сумдад спорт заал гээд дурдвал урт жагсаалт гарахаар бүтээн байгуулалт хийгдсэн байна.

МАН-аас ирэх дөрвөн жилд хийх ажлын мөрийн хөтөлбөртөө дараах ажлуудыг хийнэ гэж тусгасан байна. Үүнд,

1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:

  • Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-500
  • Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 900
  • Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 250
  • Түрээсийн орон сууц- 500

2. Арвайхээрт шинээр дулааны станц барьж, аж ахуйн нэгж байгууллага, гэр хороолол, орон сууцыг холбоно.

3. Баянтээгт 36 МВт-ийн цахилгаан станц барьж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг өргөтгөж зэргэлдээх аймгуудын түлшний хэрэгцээг хангаж, агаарын бохирдлыг бууруулна.

4. Хархорин, Хужирт сумдад гурил тэжээлийн томоохон үйлдвэрийг байгуулж, аймгийн малын тэжээлийг бүрэн хангаж, фермерийн аж ахуй хөгжүүлнэ.

5. Арвайхээр суманд сүү, сүүн бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эд, арьс шир, дайвар бүтээгдэхүүний үйлдвэр, сумдад мал нядалгааны болон арьс ширний цех байгуулна.

6. Хүлэмжийн аж ахуй, жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногоо тариалалт, гар урлал, засвар үйлчилгээ гэх мэт өрхийн үйлдвэрлэлийн зээлд хамруулж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

7. Хархориныг аялал жуулчлалд түшиглэсэн жишиг хот болон хөгжүүлж, нисэх буудлыг олон улсын 4C зэрэглэл бүхий агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор олон улсын нисэх буудал болгоно.

8. “Арвайхээр – Хужирт – Бат-Өлзий чиглэлийн аялал жуулчлалын зам, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баянгол сум, Дундговь аймгийн СайханОвоо, Өмнөговь аймгийн Цогт-Овоо чиглэлийн босоо тэнхлэгийн ачаа тээврийн замуудын зураг төслийг боловсруулан барьж эхлүүлэх ба баруун бүсийн А0301, А0302 замын дагуух сумдыг улсын чанартай авто замтай үе шаттайгаар холбох ажлыг эхлүүлнэ.

9. Сумдыг төвлөрсөн инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжтай болгож, Арвайхээр хотод хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулна.

10. Сумдад байгаль цаг уурын эрсдэлийг даван туулах чадавхыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. /Сумдад сайн туршлагыг сурталчлах малчдын сургалтын танхим байгуулж, эрсдэлийн талаарх малчдын мэдлэг, чадавхыг сайжруулна.