Х.Нямбаатар уучлалт гуйхгүй гэсэн хариу өгчээ

331

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагад, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар та 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдөр “С1” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо зарим шүүгчийн хууль бус хөрөнгөжсөн, авлига авсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар мэдэж байгаа, мөн үйлдлийг нотлох баримт байгаа гэж ойлгогдохоор мэдээллийг олон нийтэд түгээжээ. Тиймээс өөрийн хэлсэн мэдээллээ гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэх шүүгчийн нэр, хууль зөрчсөн гэм бурууг нотлох баримт, мэдээллийн эх сурвалжаа олон нийтэд ил болгож, хууль сахиулах, авлигатай тэмцэх байгууллага, прокурорт уг баримтаа өгч шалгуулах. Хэрэв нотлогдоогүй бол уучлалт гуйхыг шаардаж байна’ гэсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шаардлагад хариу өгсөн байна. Үүнд,  Монгол Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд төр, олон нийтийн холбоог бэхжүүлэх, нууцад хамаарах аливаа мэдээлэл, бичиг баримттай танилцахдаа нууцын талаарх хууль тогтоомжийг баримтлах, хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах ёстой. Миний бие 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдөр ‘С1’ телевизийн ‘Цензургүй яриа’ нэвтрүүлэгт оролцож олон нийтэд мэдээлэл хийсэн үйлдэл нь дээрх ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй тул ямар нэгэн хэлбэрээр хэн нэгнээс уучлал гуйх шаардлагагүй гэж үзэж байна.

Шүүгчдийн хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар өгсөн мэдээллийн эх сурвалж, баримт нотолгоог олон нийтэд ил болгож хууль сахиулах байгууллага, авлигатай тэмцэх газар, прокурорт өгч шалгуулах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна гэжээ.