“Бонд”-ын нөхөд хорихоос гараад сонгуульд өрсөлдөж байна

585

Ардчилсан намын дотоод сонгууль болохтой холбоотойгоор өчигдөр нэр дэвшигчид үнэмлэхээ гардлаа. Тус намын нийт 565 гишүүн  нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч буй бөгөөд 511 нэр дэвшигч  нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөх бол  54 хүн нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөх аж. Тэгвэл нэр дэвшигчдийн дунд анхаарал татсан хүмүүс нэлээд олон байгаагийн дотор саяхан батлан даалтаар суллагдсан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нар байгаа юм.

Бондын мөнгийг зүй бусаар зарцуулсан асуудалд холбогдон, шалгагдаж буй Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын тухайд хуулийн байгууллагаас ял зэм авна гэсэн айдас байхгүй бололтойдог шүү. Б.Гарамгайбаатарын тухайд,  Халзанбүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байх үед Хөгжлийн банкнаас  Засгийн газарт шинээр зам тавих гэж байгаа гэх ойлголтыг өгч,  тогтоол батлуулж, нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж  “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн байдаг.

Гэтэл Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх 100 км хатуу хучилттай зам засах ажил 2008 онд эхэлсэн.  Зам засварын ажлыг БНХАУ-ын “Зам барилгын II анги” компани гүйцэтгэхээр 2008 онд тендерт шалгарч ажлаа эхэлсэн бөгөөд замын төсөвт өртөг 20 тэрбум төгрөг байхаар тухайн үед гэрээ байгуулсан байдаг. Улмаар гүйцэтгэгч компани замын 38 хувийг зассаны дараа санхүүгийн хүндрэл, инфляциас шалтгаалж ажлаа гүйцэтгэх боломжгүй болж гэрээгээ цуцалсан гэх мэдээлэл байгаа юм. Дараа нь  2012 оны дөрөвдүгээр сарын 27-нд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлын тендер шалгаруулахад тендерт “Монроуд” компани материалаа ирүүлж 37.2 тэрбум төгрөгөөр замын ажлыг гүйцэтгэх боломжтойгоо мэдэгдэж байжээ.

Улмаар Халзанбүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх замыг шинээр тавих талаар танилцуулж, санхүүжилт хийх хөрөнгө нь 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөг байх тооцоо гаргасан бөгөөд  тооцоог Эдийн засгийн хөгжлийн яам Засгийн газрын хуралдаанд оруулж 124 дүгээр тогтоолыг Б.Гарамгайбаатар батлуулсан байдаг. Тогтоолд тусгаснаар Халзанбүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх 100 км замыг санхүүжүүлэх нийт дүнг 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөг гэсэн байна.

Тэгвэл Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг батлан даалтад гаргах захирамжийг энэ сарын 7-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан билээ. Ийнхүү батлан даалтад гарсан нөхөр Архангай аймгийн Үндэсний бодлогын хороонд Д.Ганхуягийн хамт нэр дэвшиж, үнэмлэхээ гардан авсан байгаа юм. Авлигатай тэмцэх газраас түүнийг өнгөрсөн сарын 21-нд түүнийг сэжигтнээр татан баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон. Цагдан хорих хугацаа дуусч, Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэн яллагдагчаар цагдан хорих санал ирүүлснийг шүүх хэрэгсэхгүй болгосон.

Н.Батбаярын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу эрүүл мэнд болон хувийн байдлыг харгалзан үзэж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилсөн гэдгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлсэн. Тэгвэл эрүүл мэндийн шалтгаанаар суллагдсан нөхөд өдгөө сонгуульдаад завгүй явна.