Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрт хуурамч мөнгөөр худалдан авалт хийснийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
Тус дэлгүүрээс Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд оршин суух 49 настай, эрэгтэй Э, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 45 настай, эрэгтэй Ц нар нь хуурамч 10 мянган төгрөгийн дэвсгэртээр гүйлгээ хийж хүнсний бүтээгдэхүүн худалдаж авсныг тогтоожээ. Уг үйлдлийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм.
Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээнэ.
Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйл.Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах
1.Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Иймээс иргэд болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж мөнгөн тэмдэгтийг авахдаа шалгаж үзэж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Мөн хуурамч мөнгөн тэмдэгт байж болзошгүй тохиолдол илэрвэл шууд цагдаагийн байгууллагад хандан шалгуулах хэрэгтэй.