УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хөтөлбөрийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Батболд асуулт асууж, дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрээр Засгийн газрын зүгээс эдийн засгийн хүндрэлийн шалтгааныг дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн уналт, валютын хомсдолтой холбож тодорхойлж байгаа ч яг тодорхой зөв онош тавьж чадаж байгаа эсэх, хөтөлбөрт өнгөрсөн жил төсвөөс гадна байсан 7 их наяд төгрөгийг нэгдсэн төсөвтөө тусгасан эсэх, өрийн бүтэцдээ дүн шинжилгээ хийж чадсан эсэхийг тодруулав.
Мөн хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газар өнгөрсөн 4 жил хариуцлагагүй, хууль хэрэгжүүлдэггүй, төсвийн сахилга батгүй, хэлсэн амандаа хүрдэггүй, итгэл алддаг байсныг эдийн засгийн хүндрэлийн үндсэн онош гэж үзэж байна. Иймд өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд Грек зэрэг орнуудын адил огцом нэг хоёр төсөл, “стандарт бус” арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээс илүүтэй хүндрэлийн шалтгаанаа зөв тодорхойлж, төсвийн сахилга бат, хариуцлагыг өндөржүүлэн Олон улсын валютын сан, бусад улс орнуудтай хамтран хөрөнгө оруулагчдын итгэлийг буцаан олж авах нь зүйтэйг онцлов.
Түүнчлэн дунд болон урт хугацааны хөтөлбөрийг бодитой ажил болгож хэрэгжүүлэх арга замыг хөтөлбөртөө тусгаж, нэгдсэн стандарттай болохгүй бол 2 жил тутам нэг зүйлээ хэлэлцдэг, эдийн засгийн хүндрэл гарах бүрд давтдаг болоод байгааг анхааруулав.
Эцэст нь европ стандартыг нэвтрүүлж, Европын холбоонд бараа, бүтээгдэхүүн эксплортлох, Японтой хийсэн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх, 2 хөрштэй хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зэргээр экспорт, нэмүү өртгийг нэмэгдүүлэхэд Еврол стандартыг нэвтрүүлэх нь чухал тул энэхүү ажлыг хөтөлбөрт тусгах нь чухал гэлээ.