Д.Эрдэнэбат: Ялалт, ялагдлаа хүлээн зөвшөөр

678

57ji5ivfb5enflb7t8ljtsh6hq

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, НИТХ-ийн төлөөлөгч Д.Баттулга, БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нар орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын хэлснээр 2016 оны орон нутгийн сонгуульд АН-аас 6900 нэр нэр дэвшигч өрсөлдөж, 37.9 хувь нь ялалт байгуулжээ. Өөрөөр хэлбэл, нийт 330 сумаас 104-т нь АН-ын нэр дэвшигчид ялсан байна. Мөн нийслэлийн есөн дүүргийн 295 нэр дэвшигчээс 98 нь ялалт байгуулсан буюу есөн дүүргийн гуравт нь АН олонхи болжээ.

Энэ тухай АН-ын орон нутгийн сонгуулийн ерөнхий менежер, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Бид энэ сонгуульд нэг л зарчим баримталсан. Ялсан бол ялсан шиг байж, ялагдсан бол ялагдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ард түмний сонголтоор гарч ирсэн төлөөлөгчийг хэн нэгэн хүний шийдвэрээр буцаах нь ардчилсан улс оронд байж болохгүй зүйл. МАН-ын удирдлагууд энэ үйлдлүүддээ дүгнэлт хийх ёстой гэж харж байна. Аль аль талдаа ялж, ялагдаж сурах хэрэгтэй. Бид үнэмлэхүй олонхитой өрсөлдсөн ч ард түмэнд нэг зүйлийг ойлгуулж чадсан. 100 хоногт МАН бодлогогүй үйл ажиллагаа явуулж, амлалтаасаа ухарсныг ард түмэнд ойлгуулсан. Энэ  нь сонгуулиар олж авсан маш том ололт байлаа” хэмээв.

“АН-ын зургаан хүний нэрийг хассан”


Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тухайд Баянзүрх дүүрэгт нэлээд маргаан дэгдээд байсан. Тэгвэл энэ талаар НИТХ-ийн төлөөлөгч Д.Баттулга, БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нар тайлбар хийсэн юм. Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Манай дүүрэг дээр АН 22, МАН 19 суудал авсан тухай СЕХ-ны дүн гарсан байгаа. Энэ дүнг СЕХ болон Нийслэлийн сонгуулийн хороо албан ёсоор зарласан. Гэтэл Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны дарга шалтгаангүйгээр зургаан хүний нэрийг хассан. Энэ сонгуулийн хуулийн гол онцлог нь маргааныг сонгуулийн хороо биш шүүх шийдэх юм. Эцсийн маргааныг шүүх шийдэх зохицуулалтай байхад дүүргийн сонгуулийн хорооны даргын тогтоолоор зургаан хүнийг хассан. Энэ бол хүчин төгөлдөр бус шийдвэр” гэв.

“Сонгуулийн хуулийг зөрчсөн нэр бүхий хүмүүсийг шүүх, АТГ-т шалгуулна”


НИТХ-ийн төлөөлөгч Д.Баттулга “Сонгуулийн хуульд зааснаар сонгуулийн хорооны албан хаагчид сонгуульд оролцож байгаа аль нэг нэр дэвшигчийг дэмжих эсвэл эсэргүүцсэн агуулга бүхий үйлдэл хийхийг хориглосон байдаг. Энэ хуулийн заалтыг Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт уландаа гишгэсэн. Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байгаа хоёр хүнийг хууль бусаар нэр дэвшүүлэхээс татгалзсан. Энэ асуудлаар шүүхэд хандаж анхан болон давж заалдах шатны шүүхээс энэ хууль бус юм гэдгийг тогтоосон. Одоо эдгээр хүмүүсийн нэр дэвшиж байсан тойрог дээр дахин сонгууль явуулах тухай шүүхийн шийдвэр гаргуулах үйл ажиллагаа явагдаж байна. Мөн СБД-ийн долдугаар тойрог дээр ирц хүрээгүй нэмэлт санал хураалт явуулах нөхцөл бүрдсэн байхад сонгуулийн хороо ирц бүрдсэн гэж илтээр гуйвуулаад 50 гаруй хүний саналаар илүү байсан МАН-ын хоёр нэр дэвшигчийг баталгаажуулсан. Үүнийг шүүхэд өгсөн. Шүүх хэрэг үүсгээд явж байгаа” гэлээ.