Зохиолч Ш.Гүрбазарын түүхэн үйл явдлыг ямар ч нэмэлт хачиргүйгээр ярьж өгөхийг хүссэн хүсэл “Жаргаагүй нар”-ыг маргааш УДЭТ-ын тайзнаа нээнэ. Их зохиолчийн оньсого мэт амьдралыг тайзнаа амилуулах уран бүтээлчдийн нэг бол залуу жүжигчин Н.Баярмаа. Тэрбээр Пагмадуламын дүрийг бүтээж байна. Түүнтэй дүрийнх нь талаар цөөн хором ярилцлаа.
-“Жаргаагүй нар” жүжигт гол дүр буюу Пагмадуламын дүрийг бүтээж байна. Дүрийнхээ судалгааг хэрхэн хийсэн бэ?
-Жүжгийн зохиол нь өөрөө их том судалгааны ажил, судлагдахуун болсон. Зохиолч Ш.Гүрбазар зохиолын үйл явдлуудад худлаа зохиомол зүйл байхгүй гэдгээ хэлсэн. Пагмадулам нь хэлмэгдсэн хүн учраас энэ хүний түүх маш их дарагдсан, аман ярианууд илүүтэй байдаг юм билээ. Жүжгийн зохиол дээр хоёр сар гаруй хугацаанд ажиллаж байна. Тайз руу гараад сар орчим болж байна. Миний хувьд гол дүрийн эзний тухай ховор баримтууд олсон. Түүндээ түшиглэж биеэ авч явах байдал, зан араншин гэх мэтийг гаргахыг хичээсэн.
-Пагмадулам судлаач нартай уулзсан уу?
– Яг Пагмадуламыг дагнан судалдаг ганц, хоёрхон эрдэмтэн байдаг юм билээ. Мөн тэр хүний талаар баримт ч гэсэн ховор. Хэд хэдэн номнууд байдаг юм билээ. Тэдгээрийг уншсан. Мөн Пагмадуламын тухай судалгаа хийгээд үзэсгэлэн гаргах гэж байгаа эмэгтэйчүүдийн байгууллагынхантай азаар холбогдсон. Пагмадулам гэдэг хүн бол хүний эрх тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийн тухай хамгийн анх дуугарсан хүн юм билээ. Яг энэ талаар нь судалгаа хийгдсэн байна. Маш ховор баримтуудыг дэлгэх үзэсгэлэнг энэ сард нээх байх.
-Таны хувьд дүрээ аль талаас нь илүү үзэгчдэд хүргэхийг хүсч байна вэ?
– Пагмадулам бол түүхэн бодит хүн. Тиймээс дүрийг дураараа өөрчилж болохгүй. Тэр хүний тухай судалгаа хийж, баримттайгаар дүрийг нь гаргах ёстой болж байгаа юм. Үнэхээр учир битүүлэг сонирхолтой амьдралаар амьдарсан хүн билээ. Миний хувьд Пагмадулам гэдэг хүний дүрийг бүтээснээрээ энэ хүний тухай илүү ихийг олж мэдэхийг хүсч байна. Магадгүй, цаашид Пагмадулам гэдэг хүний тухай илүү ихийг мэдэхийн тулд судалгааны ажил эхлүүлж болох юм. Би энэ бодит хүний тухай илүү ихийг олж мэдэхийг хүсч байна. Жүжигчнийхээ талаас гэвэл би Пагмадулам юуны төлөө тэмцэж, ямар хүсэл зорилготой байсан бэ гэдгийг нь гаргахыг хичээжсэн. Яагаад Д.Нацагдоржийн тухай ярихад Пагмадулам эн тэнцүү яригддаг вэ гэдгийг тодорхойлж, задалж, хүмүүст таниулахыг хичээж ажилласан. Дүрийн хувьд ийм зүйлсийг түлхүү харуулна. Дээр нь мэдээж тэр хүний зан араншин, байр, байдлыг гаргана. Пагмадулам богинохон наслахдаа нэлээд хүнд амьдрал туулсан эмэгтэй. Тайж гаралтай энэ эмэгтэй багаасаа Хятад, Манж хэл заалгасан юм билээ. Оросд сурсан, Германд гурван жил сурсан, таван хэлээр ярьдаг байсан. Ер нь Д.Нацагдорж гэдэг хүний ард маш хүчирхэг, эрдэм мэдлэгтэй Пагмадулам гэдэг эмэгтэй оршин байсан гэмээр…Үнэхээр сонирхолтой. Нулимс гармаар түүхтэй эмэгтэйн дүрийг бүтээж байгаадаа баяртай байна. Завшаантай хэрэг. Миний хувьд мэргэжлийнхээ хувьд шат ахисан үйл явдал болж байна.
-Таны хувьд анхны түүхэн дүр үү?
-Анхных..
-Зан характерын хувьд ялгарах зүйлүүд олон байсан байх?
-Дүр бүхэн өөр өөрийн гэсэн онцлогтой. Тэр онцлогуудыг өөртөө шингээж, тэр дүрийг бодитоор гаргахыг хичээдэг.
-Ярилцсан танд баярлалаа.