ОУВС-ын захирлуудын зөвлөл “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн I, II шатны үнэлгээг баталгаажуулан Монгол Улсад 79.1 сая ам.долларын санхүүжилт олгохоор болжээ. Монгол Улс уг санхүүжилтыг авснаар хөтөлбөрийн хүрээнд нийт 118.6 сая ам.доллар авч байна.
Зөвлөлөөр Монгол Улсын эдийн засгийн өсөлт тооцоолсон түвшнээс өндөр байгаагийн зэрэгцээ бүх зорилтуудаа биелүүлснийг онцолжээ. Тэд энэ оны эдийн засгийн өсөлтийг 3.3 хувьд хүрнэ гэж тооцоолж байсан ч арваннэгдүгээр сарын байдлаар 5.8 хувьд хүрсэн юм.
Түүнчлэн гадаад орчинд таатай үзэгдэл ажиглагдаж байгааг ч дурджээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд энэ оны төсвийн давсан орлогын хагас орчмыг хадгалж, өрийн удирдлагыг сайжруулахад ашиглах гэнэ. Харин үлдэгдлийг Засгийн газрын төлөвлөгөөний дагуу зарцуулахын зэрэгцээ Төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулал болгон олгоход зориулах аж.