Монголд сүүлийн жилүүдэд ирж суралцаж буй гадаад оюутнуудын тоо нэмэгдсээр байна. Манайд суралцаж буй гадаад оюутны тоо 2002 оноос хурдацтай нэмэгдэж, 2005 оноос хойш жил бүр 900-1100 оюутан ирж суралцдаг болсон гэх тоон мэдээлэл байна. Үүнийг дагаад гадаад оюутнууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүссэн үедээ авч чаддаггүй, нийгмийн талаас гадуурхагддаг нь тэдний сэтгэл санаанд нөлөөлдөг байдал ажиглагдах болжээ.
Тэр ч бүү хэл сүүлийн жилүүдэд гадаад оюутнууд гэмт хэрэгт холбогдох тохиолдол ч гарах болсон байна. Хамгийн сүүлд гэхэд саяхан Өвөрмонгол оюутнууд хоорондоо маргалдаж, улмаар нэгнийхээ гар, хөлийг хутгаар зүсч сийчсэн хэрэг гарчээ. Тодруулбал тэд дотуур байрандаа ямар нэг баяр тэмдэглэж архидаж хоносон гэх бөгөөд маргааш нь хоорондоо маргалдсанаар ийм хэрэг үйлджээ. Одоо тэднийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй юм байна.
Тиймээс шинэ жилийн баяр дөхсөн энэ үед элдэв гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж цагдаагийн байгууллага гадаад оюутнуудтай уулзаж, яриа таниулга хийж эхэлсэн аж.