Харүмафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлахаар боллоо

1121

Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн тухай түүний багш, ояката Исэгахама өнөөдөр мэдэгдлээ.

Түүний энэ хүсэлтийг Исэгахама ояката өнөөдөр Японы сүмогийн холбоонд хүргүүлнэ гэжээ.

Нутаг нэгт монгол сүмоч Таканоива А.Баасандоржийн толгой руу шар айрагны лонхоор цохисон хэрэгт холбогдсон ёкозүна Харүмафүжи хийсэн үйлдэлдээ бүрэн хариуцлага хүлээхээ ийнхүү мэдэгдлээ.

Харүмафүжи Даваанямын Бямбадорж 1984 оны дөрөвдүгээр сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул. Түүний аав үндэсний бөхийн улсын заан Р.Давааням юм.

Исэгахама дэвжээнд харьяалагддаг, мэргэжлийн сүмогийн 70 дахь, гадаадын тав дахь, Монголын гурав дахь ёкозүна, Монгол Улсын Гавьяат Тамирчин.

Харүмафүжи 2001 оноос мэргэжлийн сүмод барилдаж, 2008 оны 11 сар хүртэл Ама Коохэй нэрээр барилдаж байв. Тэрбээр 2009 оны зургаадугаар сарын 12-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын зарлигаар Монгол Улсын Гавьяат Тамирчин цол хүртжээ.

2011 оны долоодугаар сард Харүмафүжи Д.Бямбадорж 14 давж түрүүлсэн бол 2012 оны 7, 9 саруудад нэг ч уналгүй түрүүлж, ёкозүна цолд хүрчээ.