“Оюу Толгой”-ийн хүдрийн олборлолт өнгөрсөн улиралд тус компанийн түүхэн дэх дээд хэмжээ болох 25.7 сая тоннд хүрч өссөн байна. Хэдий тийм боловч хүдэр дэх агуулга багассан учраас зэс болон алтны үйлдвэрлэл буурсан дүнтэй гарчээ. Хэдийгээр үйлдвэрлэл буурсан ч энэ оны эцэст зорилтод түвшиндээ хүрч чадна гэдэгт итгэлтэй байгаагаа тус компанийн ТУЗ-ийн дарга илэрхийлсэн байна.
“Оюу Толгой” компани тайлант хугацаанд нийт 206.2 мянган тонн баяжмал үйлдвэрлэсэн нь сүүлийн жил хагасын доод үзүүлэлтэд тооцогдож байгаа юм. Дээрх компанийн хувьд оны эцэст дунджаар 185 мянган тонн зэс, 7.7 орчим тонн алт үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд оны эхний гурван улирлын дүнгээр зорилтынхоо 80 гаруй хувийг гүйцэтгээд байна.
Үйлдвэрлэлээс гадна өнгөрсөн улиралд гүний уурхайн бүтээн байгуулалт эхлээд байгаа юм. Тухайлбал, тавдугаар босоо амын нэвтрэлтийг дахин эхлүүлсэн бол хоёрдугаар босоо амын ажлыг эхлүүлэхээр “Хасу Мегаватт” болон “Redpath” компанийн түншлэлтэй гэрээ байгуулсан байна.
“Rio Tinto”-ийн төмрийн хүдрийн үйлдвэрлэлийн төлөвөө бууруулжээ
Үүнээс гадна “Rio Tinto” групп үйл ажиллагааны тайлангаа гаргаад байна. Тус компанийн гол орд “Pilbara”-ийн олборлолт багассантай холбоотойгоор төмрийн хүдрийн үйлдвэрлэлийн төлөвөө бууруулжээ. “Rio Tinto”-ийн төмрийн хүдрийн борлуулалт III улирлын дүнгээр таван хувиар буурч, 80.9 сая тонн болсон байна. Тиймээс оны эцэст 330 сая тонн төмрийн хүдэр олборлоно гэсэн зорилтоо 325-330 сая тонн болгож бууруулжээ.
Хэдийгээр “Rio Tinto”-ийн хувьд энэхүү үзүүлэлт тааруу мэдээ болж байгаа ч салбарын хүрээнд сайн үзүүлэлтэд тооцогдож байна. Учир нь “BHP Billiton”, “Vale” зэрэг бусад тэргүүлэгчид ч олборлолт, худалдаа нь буурсан дүнтэй гарсан юм. Энэ нь эргээд төмрийн хүдрийн үнэ өсөх нөхцөлийг бүрдүүлнэ гэж шинжээчид харж байна. Өнгөрсөн оны эцэст 30 ам.доллар руу буусан төмрийн хүдрийн ханш өнөөдрийн байдлаар 58 орчим ам.доллартай байгаа юм. Оны эхэнд төмрийн хүдрийн үнэ өсөхөд БНХАУ-ын эрэлт гол дэм болж байжээ.
Д.Хаш-Эрдэнэ