Галзуу өвчний тухай дэлгэрэнгүй мэдээллийг Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн халдвар судлагч эмч Ч.Бямбасүрэнгээс тодрууллаа.
-Галзуу гэж ямар өвчин бэ?
Галзуу өвчин мал, амьтнаас хүнд халдварладаг
Вирусээр үүсгэгддэг
Төв мэдрэлийн системийг сонгомлоор гэмтээдэг
Зоонозын хурц халдварт өвчин юм.
-Халдвар ямар замаар дамждаг вэ?
Галзуурсан амьтны шүлстэй хамт өвчний вирус хазсан буюу маажсан газраар орж халдварлуулна. Маш ховор тохиолдолд арьсанд үүссэн шарх, салст мембранаар нэвтрэх замаар халдварладаг. Хүнээс хүнд халдварлах нь онолын хувьд боломжтой боловч баримтжуулаагүй. Галзуурсан амьтны вирус агуулсан шүлс, хазсан буюу маажсан газраар нэвтэрч халдварлана. Хот суурингийн голомтын үед галзуу өвчний эх уурхай нь золбин нохой болдог. Галзуугаар өвчилсөн нохой 20-80км, түүнээс ч хол гүйдэг.
-Галзуугаар ямар амьтад өвчилдөг вэ?
Галзуу өвчнөөр бүх бод мал, нохой, муур зэрэг гэрийн тэжээмэл амьтад, үнэг, чоно, хярс, цөөвөр чоно, сарьсан багваахай зэрэг зэрлэг хөхтөн амьтад өвчилдөг. Тэдгээрийн бие махбодид галзуугийн үүсгэгч удаан хугацаагаар хадгалагддаг. Үнэг, цөөвөр чоно, сарьсан багваахай, гэрийн муур зэрэг амьтад илүү их мэдрэг.
-Галзуугаар өвчилсөн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Төв мэдрэлийн тогтолцоог гэмтээснээр хөдөлгөөний төвийн сэрэлт ихсэж, амьсгалын ба залгих булчингуудын таталт, саажилт үүсч, богино хугацаанд өвчтөн нас бардаг. Нууц үе 12-90 хоног үргэлжилнэ. Шархны хэмжээ, байрлалаас хамаарч нууц үеийн хугацаа харилцан адилгүй байдаг. Төв мэдрэлийн тогтолцоонд ойр байх тусам нууц үе богино байна.
-Галзуу өвчнөөр ямар хүмүүс өвчлөх эрсдэл өндөр байдаг вэ
Бүх насны хүмүүс өвчилнө. Зэрлэг мал, амьтантай харьцдаг хүмүүс халдвар авах нь илүү байдаг. Монгол улсын хувьд галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдлуудын 50% нь малчид байна.
-Галзуу өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Хүний өвчлөлийн ихэнх хувь нохойд хазуулж, уруулснаас үүдэлтэй байдаг.
5-14 насны хүүхдүүд эрсдэлд ихээр өртөж байна. Нохойн вакцинжуулалт ба хазуулахаас сэргийлэх нь нохойн галзуу өвчнийг бууруулах шилдэг арга юм.
-Гэхдээ ноход яагаад биднийг хаздаг юм бэ?
Учир нь хүн, нохой хоёр харилцан өөр өөр хэлээр ярьдагт оршино. Бид нохойн санааг ойлгодоггүй бөгөөд тэдэнтэй харьцахдаа ихэвчлэн өөрсдийгөө хазуулах нөхцөл байдалд хүргэдэг.
Хэрвээ бид нохойн зан төрхийг сайтар судалж чадвал энэ нөхцөл байдлаас зайлсхийх боломжтой юм. Ямар нэг шалтгаангүйгээр нохой биднийг хаздаггүй. Тэд айх, цочих, өвдөх зэрэг ямар нэг таагүй байдлаас үүдэн биднийг хаздаг. Мөн тэд эзэмшил газраа хамгаалах, хүн болон бусад амьтадтай нийгэмшиж дасаагүй зэргээс үүдэн ийм байдалд хүргэдэг.
-ГАЛЗУУ өвчний эрсдлийг бууруулахын тулд ямар арга хэмжээг авах шаардлагатай вэ?
Хазуулахаас сэргийлснээр зөвхөн арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдахыг багасгахаас гадна галзуу өвчний эрсдлийг бууруулна.
Хүүхдүүд илүү өртөмтгий байгаа учраас бид нохойтой зөв харьцах үндсэн таван алхмыг толилуулж байна.
Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ДЭМБ дараахь 5 алхамыг хүүхэд багачуудад зааж сургах хэрэгтэй тухай зөвлөж байна.
Алхам 1: Намайг битгий үймүүлж, айлгаач. Би хоолондоо их харам шүү. Уяатай үедээ уурлахдаа амархан
Мөн миний эд юмс ялангуяа гөлгийг минь бүү оролдоорой.
Хашаа болон үүрэндээ байхад минь зайтай байгаарай.
Өвчтэй болон унтаж байхад минь намайг бүү оролдоорой.
Ямар нэг аюул заналхийлэлд хариу үзүүлэх нь нохдын үндсэн зан төрх юм.
Нохойн хажууд огцом хөдөлгөөн хийх , гэнэт чанга дуу чимээ гаргахгүй байхыг анхааруулж байна.
Учир нь нохой эдгээр үйлдэлд хариу үйлдэл үзүүлдэг.
Уурласан нохой шүдээ ярзайлган архирч сэрвээний үс нь босч сүүл нь шулуун боссон байдалтай болдог.
Айж эмээсэн нохой хойшоогоо ухарч, займчсан байдалтай болж, сүүлэ хавчин чихээ хулмайлгаж шүдээ бага зэрэг ярзайлгадаг.
Алхам 2: Айсан болон уурласан үед минь надаас хол байгаарай.
Би үедээ шүдээ ярзайлгадаг.Би айсан үедээ сүүлээ хавчиж зугтаахад бэлддэг.
Нохой уурласан болон айсан байдлаа биеийн хэлээр үзүүлдэг ба эцсийн дүнд хазаж урдаг.
Хэрвээ хүүхдүүд эдгээр тохиолдлыг мэддэг бол хазуулж уруулахаас сэргийлж болох юм.
Алхам 3: Намайг чам руу ойртох үед битгий хөдлөөрэй.
Хэрвээ газар унасан бол нуруугаараа бөхийж хөдөлгөөнгүй хэвтээрэй.
Ноход хөдөлгөөнтэй болон дуу чимээ гаргаж байгаа зүйлсийг элдэж хөөх зөн төрхтэй.
Хэрвээ чи гүйх юмуу хашгирах аваас ноход чам руу дайрах магадлал өндөр болдог.
Харин хөдөлгөөнгүй чимээгүй зогсвол чамайг сонирхох тэдний сонирхол буурч чамаас холдсноор чи өөрийгөө сэргийлэх болно. Номхон зогсох хүүхдээр үүнийг үзүүлж болно.
Дуу чимээ гаргахгүй нүдээ аньж толгой үл ялиг тонгойж гараа биедээ нааж хөдөлгөөнгүй зогсох
Чулуу мэт хөдөлгөөнгүй байх
Энэ байрлал газарт унасан хүүхдэд тохирно.
Энэ байрлалд царай болон гэдсээ хамгаалж хөдөлгөөнгүй эвхрэн хэвтэнэ.
Нохой сонирхохоо болж явахад аажим чимээгүй босож явах хэрэгтэй.
Алхам 4: Над руу чимээгүй аажуухан ойртож байгаарай.
Миний эзнээс зөвшөөрөл авч байж надад хүрээрэй.
Хэрвээ намайг илэхээр бол нуруунаас минь эхэлнэ үү.
Ихэнх ноход хүн рүү дарах гэж байгаа юм шиг санагддаг ч тийм байдаггүй
Нохой тайван байхад хүмүүс дайрах нь гэж эндүүрч элдэв хариу үйлдэл хийснээр нохойд уруулах тохиолдол цөөнгүй байдаг.
Нохойтой орчинд насанд хүрсэн хүнтэй хамт байх
Нохойнд ойртохдоо аажуухан, тайван хөдөлж өөрийн царайг нохойн толгойноос зайтай байлгах
Хэрвээ нохой эргэж ирвэл түүнийг зогсоох хэрэггүй.
Нохойнд хүрэхээр бол гараа хамар луу нь аажуухан ойртуулж түүнд үнэртүүлж тэр чамайг таньснаар нохойнд хүрч болно.
Гараа түүнд ойртуулахдаа ямар нэг илүү хөдөлгөөн /ялангуяа хамар луу нь орйтуулж буй гар хуруугаа хөдөлгөх/ хийж болохгүй.
Алхам 5: Хэрвээ нохойд хазуулбал шархийг нэн даруй савантай усаар сайтар угааж эмнэлэгт яаралтай ханд
Гэр бүлийнхэндээ хаана ямар нохойд хазуулснаа тодорхой хэлээрэй
Хэрвээ нохой галзуугийн вакцин хийлгүүлээгүй бол өвчний халдвар авч улмаар хүн хазаж урснаар халдварлуулдаг.
Үүнийг л хүүхдүүдэд маш сайн ойлгуулах хэрэгтэй.
Нохойд хазуулсан болон нохойтой холбоотой бусад зүйлсийг гэр бүлийнхэндээ заавал хэлдэг байх
Хазуулсан шархыг 15 минутын турш савантай усаар сайтар хөөсрүүлэн угаах
Ойрхон байгаа эмнэлэгт яаралтай үзүүлж эмчилгээ хийлгэх
Хазсан нохойн талаар сайн асууж мэдээлэл авах хэрэгтэй.
Үүнд: Хазсан нохойн өнгө зүс, хэмжээ, үүлдэр, хазсан газрын байрлалыг тогтоох. Мөн вакцинд хамрагдсан эсэх, эзний талаарх мэдээлэл байвал маш сайн
Эдгээрээс гадна бусад санаж байгаа бүхнээ хэлэх хэрэгтэй.
Сайн мэдээлэл авснаар галзуу өвчний эсрэг зөв арга хэмжээ авах болно.
ЭМБ-ууд уг нохойг хайж олоод тодорхой хугацаанд ажиглаж сэргийлэх арга хэмжээг авдаг.
Нохдыг хяналтанд байлгаснаар үхлийн аюултай энэ өвчнөөс хүмүүний амьдралыг хамгаалдаг.
Ноходтой зүй бусаар харьцах, алж хядах бус тэднийг сайн ойлгож зөв харьцснаар бидний амьдрах орчин улам таатай болно.
Галзуу өвчний ерөнхий мэдээлэл
Дэлхий дахинаа тархсан. Монгол улсад 21 аймгийн 226 сум байгалийн голомттой, жилдээ мал, амьтны өвчлөл 500-600 тохиолдол, нохой болон мал, амьтанд уруулан вакцин, ийлдэс тариулсан тохиолдол хүн 10,000 орчим, галзуугийн өндөр эрсдэлтэй зэрлэг амьтанд уруулж, ноцуулсан хүний тоо дундажаар 90 тохиолдол бүртгэгддэг. 1972 оноос хойш хугацаанд нийт 36 хүн галзуу өвчний улмаас нас барсан байна. Галзуугийн мал, амьтны өвчлөл
Улсын мал эмнэлэг, үржлийн газрын мэдээгээр өнгөрсөн 2017 онд:
15 аймгийн 97 сум,
Улаанбаатар хотын 3 дүүргийн 119 голомтонд 245 мал, амьтан өвчилсөн байна.
Өвчилсөн мал, амьтны тоог өмнөх 5 жилийн дундажтай харьцуулбал 40,1 хувиар бага,
Өмнөх 2016 оноос 15 мал, амьтнаар илүү байжээ.
Архангай аймагт хамгийн олон (111) мал, амьтан өвчилсөн нь өвчлөлийн 45,3 хувь болжээ.
Улаанбаатар хотын 3 дүүрэг (Налайх, Хан-Уул, Чингэлтэй)-т тус бүр 1 нохой галзуугаар өвчилсөн байна
Галзуугийн улиралчлал
Өвчлөлийн улиралчлал олон жилийн дунджаар 12-р сараас мал, амьтны өвчлөл аажмаар нэмэгдсээр 3-р сард оргил үедээ хүрээд цааш аажим буурдаг байсан бол
2017 онд нийт өвчлөлийн 20 орчим хувь 3-р сард бүртгэгдэж ,4,5-р саруудад буурч, 6-р сард 38 орчим хувь (93) нь бүртгэгдсэн нь онцлог байлаа.
Он гарсаар эхний 5 хоногт 1 аймгийн 2 суманд галзуугийн амьтны өвчлөл 2 бүртгэгдээд байна.
Нохойтой иргэдэд зориулсан зөвлөмж
Гэрийн тэжээвэр нохойгоо зохих хамгаалалттай байлгах
Өдрийн цагаар байнгын уяатай байлгах
Өглөөний 06:00-23:00 хүртэл сул тавихгүй байх
Гадуур гаргах үед хошуувч, хүзүүвчтэй авч явах
Нохой орж гарах боломжтой зай завсрыг битүүлэх
”Хаалгандаа нохойтой гэсэн” пайзтай болох
Жил бүр мал эмнэлэг хандаж галзуу өвчний эсрэг вакцин, туулга хийлгэх, эм нохойн үржлийн асуудлыг шийдвэрлүүлэх
Нохойтой эсэхээ хороондоо бүртгүүлж тэмдэглүүлэх шаардлагатай