УИХ дахь АН-ын бүлгээс өчигдөр /2016.10.12/ хэвлэлийн бага хурал хийлээ. Мэргэжлийн Засгийн газрын 100 хоног, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосон тухай болон Орон нутгийн сонгуулийн талаар бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, дэд дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ажлын албаны дарга Д.Золжаргал, АН-ын Орон нутгийн сонгуулийн Бүртгэл хариуцсан ажлын хэсгийн ахлагч С.Төмөрхүү болон Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Хурлын эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан Орон нутгийн сонгууль болон сонгогчдын бүртгэлийн асуудлыг танилцуулаад “2016 оны орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах талаар АН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэгт ирсэн хүсэлт, гомдол, зөрчлийн талаарх саналуудыг Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо, Тагнуулын ерөнхий газарт хүргүүлсэн” гэлээ. Үүнд “Зарим сум, дүүрэгт шүүхийн шийдвэр гараад байхад саналын хуудас хэвлэгдсэн гэх шалтгаанаар Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэхгүй байгааг бүртгэх, Хуулийн дагуу нэг иргэн нэг л хэсэгт зөвхөн хурууны хээг таниулан санал өгөх боломжтой байлгах, сонгогчдын санал өгсөн эсэх байдлыг тэмдэглэх, хурууны тэмдэглэгээг ашиглах асуудлын хүрээнд 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улсын Бүртгэл, Статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайханы аймаг, дүүргийн сонгуулийн хороонд явуулсан 1/8196 албан тоотын дагуу 73,000 иргэн хурууны хээ таниулахгүй зөвхөн иргэний үнэмлэхээр санал өгүүлсэн асуудлыг давтан гаргуулахгүй байх
” зэрэг саналуудыг тусгажээ.
Мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон Ажлын албаны дарга Д.Золжаргал нар өмнөх Засгийн газрын баталсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосонд УИХ дахь АН-ын бүлгээс гаргасан дүгнэлтийг танилцууллаа. Мэдээллийн үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким ” Ахмадууд бид залуу насандаа улс эх орныхоо төлөө хийж, бүтээж, түүнээсээ татвар төлдөг байсан. Гэтэл ихэнх нь тэтгэврийн насанд хүрч чадалгүй, эс бол цөөн хэдэн жил тэтгэвэр аваад хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг. Хамтын тэтгэврийн тухай хуулиар тэтгэврээ авч чадахгүй хүмүүс ар, гэр, хань ижилдээ өвлүүлэн үлдээх боломжтой байсан. Гэтэл энэ хуулийг хүчингүй болгож байгаа нь Үндсэн хуулийн гурван заалтыг зөрчиж байна гэж үзээд хэсэг ахмадууд Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Тодруулбал, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 19 дүгээр зүлийн 19.1-ийг зөрчсөн учраас Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Сонгуулийн үр дүнгээр төр засаг солигдох нь хамаагүй ганцхан төрийн залгамж чанартай, өмнөх засгийнхаа хийж хэрэгжүүлж байсан зөв, зүйтэй ажлыг үргэлжлүүлэх ёстой.
Улстөрчдийн үл ойлголцол, залгамж чанаргүй байдлын золиос ард түмэн болох ёсгүй. Тэтгэвэр бол бидний насан туршдаа хуримтлуулсан хувийн өмч. Энэ өмч хөрөнгийг өвлүүлэх эхний алхам нь Хамтын тэтгэврийн тухай хууль байсан. Үүнийг шинэ засаг гараад хүчингүй болгож болохгүй” хэмээв.
Түүнчлэн “2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрдсэн МАН-ын Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрыг ураг төрөл, хамаатан садан, уяачдын, давхар дээлтэй “Мэргэжлийн бус” Засгийн газар байгуулагдсан” гээд Мэргэжлийн Засгийн газрын 100 хоногт АН-ын бүлгээс гаргасан дүгнэлтийг АН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулж өмнөх Засгийн газар болон одоогийн Засгийн газар 100 хоногт хэрхэн ажилласан тухай мэдээллээ.
Мэргэжлийн ба Шинэчлэлийн Засгийн газруудын үйл ажиллагааны
100 хоногийн харьцуулсан тойм
Мэргэжлийн Засгийн газар 100 хоногт
/Монгол Ардын Нам – 2016 он/
Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт
/Ардчилсан нам – 2012 он/
Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Мэргэжлийн Засгийн газар 2016 оны долдугаар сарын 30-ны өдөр бүрдсэн.
Монгол Улсын 27 дахь Ерөнхий Сайд Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газар 2012 оны наймдугаар сарын 20-ны өдөр бүрдсэн.
2016.08.22 Гадаадад их дээд сургуульд сурах оюутны сургалтын тэтгэлгийг зогсоолоо. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагсдын тэтгэлгийг зогсоов. “Сайн оюутан” хариуцлага бий болгох хөтөлбөрийг зогсоосон.
2012.10.02 Гадаадад сурах оюутны тэтгэлгийг нээлттэй явуулдаг болов.
2016.08.22 “Сайн хашаа” хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоосон.
2012.11.04 Хямд нүүрс худалдаалдаг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв. 1 тонн нь 200,000 төгрөгийн үнэтэй нүүрсийг иргэдэд 80,000 төгрөгөөр хүргэдэг болсон.
2016.08.22 “Сайн малчин” хөтөлбөрийг зогсоож, малын хөлийн албан татварыг шинээр буй болгохыг мэдээлэв.
2013.01.12 Малчдын хоршоог хөгжүүлэх талаар зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг батлав.
2016.09.01 Засгийн газар бүрдээд 31 хоногийн дараа ах дүү, хамаатан садан, ураг төрлөө төрийн өндөр албан тушаалд томилж эхэлсэн. Одоо ч үргэлжилж байна.
2012.08.26 Засгийн газар бүрдээд зургаа дахь хоног дээрээ гаргасан шийдвэр нь Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгов.
2016.09.01 Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг зогсоов.
2012.09.11 “Шинэчилж шийдье 222” төрийн ажилд иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулсан.
2016.09.07 Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгов.
2012.09.21 Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл санаачилсан.
2016.09.12 “11-11” төвийг татан буулгалаа.
2012.10.12 Засгийн газар нүд чихээ нээж, иргэдээс мэдээлэл авах, санал гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг эргээд мэдэгдэх “11-11” төв ажиллаж эхэлсэн.
2016.09.20 Төрийн албан хаагчдыг хоморголон халж эхлэв.
– МАН-ын Засгийн газрын найман гишүүн “давхар дээлтэй” ажиллаж байна.
– Дэд сайдын албан тушаалыг бий болгов.
– Цалингийн татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.
– Эмч, багш нарын 36 сарын тэтгэмжийг бууруулав.
2012.09.03 Нийтийн алба 08:00 цагаас ажиллаж эхэлдэг болов.
2016.09.22 Архи, тамхины онцгой албан татварыг 20 хувиар нэмэгдүүлэх санал өргөн барив.
2012.09.19 Хүүхдэд архи, тамхи худалдаж, үйлчилбэл тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргалаа.
2016.09.22 Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг бууруулав.
2012.11.17 Засгийн газраас 2015 он гэхэд 21 аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох шийдвэр гаргасан.
2016.09.26 Хүүхэд бүрт олгодог хүүхдийн мөнгийг ялгавартай өгөхөөр болов. Хүүхэд хамгаалын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулав.
2012.10.22 Халамж хүүхэд рүү чиглэж орон даяар хүүхдийн мөнгө олгож эхлэв.
2016.09.29 Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулав.
– Зөрчлийн тухай хуулийг буцаасан.
2012.11.13 Хууль зүйн шинэчлэл эрчимжив.
2016.09.29 Шинэ төрлийн татварууд бий болгохоо мэдэгдэж, 2017 оноос хэрэгжүүлэхээр ярьж түр хойшлуулсан.
/- Орон сууцны шинэ татвар бий болгоно
– Суудлын автомашины татвар нэмэгдэнэ
– Цалингийн татвар төлнө
-ХАОАТ-ыг нэмнэ
– Ашигт малтмалын татварыг өсгөнө
– Аж ахуй нэгж орлогын албан татварыг нэмэгдүүлнэ гэв/.
2012.11.03 “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” зарласныг дэмжих тухай Засгийн газрын тогтоолыг батлав. /Шинэ төрлийн үйлдвэрүүдийг хөгжүүлж иргэдэд ажлын байр бий болгохыг уг тогтоолд чухалчлав/.