АТГ-аас өчигдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг саатуулсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр шалгалтын явцад Хөгжлийн банкинд 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн хэмээн мэдэгдсэн юм. Шалгалтын мөрөөр Н.Мөнхбатыг саатуулж, шалгахаар болсон бололтой.
Тэгвэл Н.Мөнхбатыг чухам юуны учир саатуулсан болон Хөгжлийн банкинд юу болсон талаар тодруулъя. Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийх Ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр энэ талаар “Хөгжлийн банкны зээлийн гол эх үүсвэр нь “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, дунд хугацааны Евро бондын 600 сая ам.доллар, Самурай бондын 24.3 тэрбум иен. Мөн банк өөрөө эх үүсвэр татах ажил ч чамгүй хийсэн байгаа. Хаанаас ямар бонд авсныг нь олон нийт мэддэг мөртлөө харин хэрхэн зарцуулав гэдэг тоймтой мэдээлэл үнэндээ байгаагүй.
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээлийн хэмжээ 2016 оны наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар 5 их наяд 561.6 тэрбум төгрөг байна. Эндээс улсын төсвөөс эргэн төлөгдөх зээл нийт зээлийн багцын 53.8 хувь, төслийн орлогоос эргэн төлөгдөх зээлүүд нийт багцын 46.2 хувийг бүрдүүлж байна” хэмээн ярьсан.
Мөн тэрбээр “Бүхэлдээ Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хууль ёсны зарчим алдагдсан байна гэж Ажлын хэсэг дүгнэж байгаа. Учир нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг УИХ жил бүр Хаврын чуулганаараа батлах хуультай. Энэ хууль 2012 оноос хойш огт мөрдөгдөөгүй байсан. Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж УИХ-аас батлагдаагүй, хэлэлцэгдээгүй асуудлыг санхүүжүүлдэг хууль бус практик тогтсон байсан.
Түүнчлэн “Гудамж” төслийн хүрээнд хийгдсэн ажлуудын санхүүжилт анхаарал ихээр татсан. Жишээ нь, Атар өргөөгийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх 1 км авто замын барилгын ажлыг хийнэ гээд анх 440.0 сая төгрөгийн гэрээ байгуулсан байгаа юм. Тэгснээ зураг төслийг нь хийсний дараа 1 тэрбум 895 сая төгрөг буюу анх тооцоолсон дүнгээсээ 4.3 дахин өсгөсөн байх жишээний. Мөн 3, 4 дүгээр хорооллын эцсийн уулзварын өргөтгөл шинэчлэлийг “Пабликроуд” ХХК гүйцэтгэсэн. Энэ уулзварыг тухайн компани 300 сая төгрөгөөр зураг төсөл гараагүй байхад гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр гэрээ байгуулаад явсан. Нийт дүнгээрээ 1.3 тэрбум буюу эхний дүнгээсээ 4.3 дахин өндөр зарлага гаргасан нь ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн” хэмээсэн юм.
Үүнээс Н.Мөнхбаттай холбоотой асуудлын тухайд “Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын 2014 онд Санкт-Петербург хотод хийсэн албан томилолтын гурав хоногийн зочид буудлын төлбөрт гэхэд 11 сая 925,000, нислэгийн тийзэнд 8 сая 985,000 төгрөг төсөвлөн баталсан. Мөн уг айлчлалаар Эдийн Засгийн Хөгжлийн сайд Н.Батбаяр болон “Bloomberg” телевизийн хөтлөгч, зураглаач нарын буудлын төлбөр болох нэг хүний хоногийн 1 сая 224,300 төгрөг болон замын зардлыг Хөгжлийн банкнаас гаргасан.
Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын Хонконгд чуулга уулзалтад оролцох гурав хоногийн нийт зардал 8 сая 691,703 төгрөг, нэг хоногийн буудлын төлбөр гэхэд л 786 ам доллараар төсөвлөгддөг.
Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг 2013 онд БНХАУ-д Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон дагалдан явах орчуулагчийн 1 хүний хоногийн зочид буудлын төлбөрт 2 сая 908,350 төгрөг, бусад зардалд 5000 ам доллар төсөвлөсөн гээд тансаг хэрэглээний үрэлгэн зардлын жагсаалт хөвөрнө. 2012-2015 оны хооронд олон нийтэд мэдээлэл түгээх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагад 4 тэрбум орчим төгрөг зарцуулсан байх ба “Блүүмберг ТВ”-тэй гэхэд 2013 онд 816 мянган ам доллараар зар сурталчилгааны гэрээ байгуулсан” хэмээн мэдэгдлээ.
Үндсэндээ дээрх шалгалтаар нэлээд “но” илэрсэн бололтой. Тиймдээ ч гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг саатуулсан байна. Энэ талаарх мэдээллийг бид эргэн хүргэх болно.
Г.НАРАН
Эх сурвалж http://www.info.mn