Г.Батцэнгэл: Хөрөнгө оруулагчид урт хугацааны итгэл, дэмжлэг үзүүллээ

824

Энержи Ресурс компани зээл, төлбөрийн асуудлаа амжилттай шийдвэрлэж, бонд болон хувьцааных нь ханш олон улсын хөрөнгийн зах зээлд өсч байгаа талаар Блүүмберг мэдээлсэн. Энэ тухайд болон нүүрсний зах зээлийн чиг хандлагын талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлийн өгсөн ярилцлагыг тоймлон хүргэж байна.

– Танай компанийн зээлийн бүтцээ шинэчлэх хувилбарыг бонд эзэмшигчдийн 94% нь дэмжсэн байна. Яг ямар нөхцлүүдийг хүлээн зөвшөөрүүлэв?

– MMC-ийн зээлийн бүтцийг шинэчлэх ажлыг бид ерөнхийдөө 2016 оны 1-р сараас эхлүүлээд явсан. Нийтэд нь авч үзвэл, 2012 онд гаргасан бондын 600 сая ам.доллар болон BNP, ICBC банкинд төлөх ёстой 93 сая ам.долларын зээлийн асуудал байсан.  Өнгөрөгч оны сүүлээр бид дээрхи асуудлуудыг багцлаад бүгдтэй нь гол нөхцлүүдээ тохирсон.

Нэгдүгээрт, бондын төлбөр төлөх хугацааг зургаан жилээр буюу 2022 он хүртэл хойшлуулсан.

Хоёрдугаарт, өмнө нь бонд 8.077 хувийн тогтмол хүүтэй байсан бол нүүрсний зах зээлийн үнэтэй уялдаж 5-8 хувийн хооронд хэлбэлзэж байхаар “хөвөгч” хүүтэй болгосон. Өөрөөр хэлбэл, зах зээлийн үнээс хамаараад хүү буурах боломж бүрдсэн.

Гуравдугаарт, бонд, зээлийн өөрийнх нь хэмжээг бууруулж чадсан. Банкуудын зээл 93 сая ам.доллар, бондынх 600 сая ам.доллар, хуримтлагдсан хүү төлбөр гээд нийтдээ 750 гаруй сая ам.долларын зээлийг 425 сая ам.доллар болтол бууруулсан гэсэн үг. Ингэснээр компанийн өөрийн хөрөнгө болон зээлийн бүтцийн харьцаанд маш эерэг нөлөөлөл гарахаар байна. Энэ бүх асуудлуудыг бид 2016 онд ерөнхийд нь ярьж шийдсэн. Ингээд 2017 оны 1-р сарын 13-ний байдлаар нийт бонд эзэмшигчдийн маань 94 гаруй хувь нь нөхцлүүдийг албан ёсоор баталгаажуулж, бүрэн дэмжсэн нь маш өндөр үзүүлэлт.

– Компанийн мөнгөн урсгал,  төлбөрийн ачаалал талаасаа ямар эерэг нөлөөлөл гарч байгаа вэ?

Нийт 750 гаруй сая ам.долларын үндсэн ба хүүгийн төлбөрийг бууруулж, хугацааг хойшлуулна гэдэг бол том нөхцөл. Санхүүгийн зардал талаасаа бараг 2 дахин буурч байгаа гэсэн үг.

– Энэ онд үйл ажиллагаагаа өшөө сайжруулах, зардал  танах тал дээр ямар ажлуудыг төлөвлөж байна вэ?

– Мэдээж компани өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд өртгөө бууруулж, бүтээмжээ нэмэгдүүлэх ёстой. Компанийн санхүүгийн тайлангуудыг харвал 2012 оноос хойш бид өртөг, зардлаа тогтмол бууруулж ирсэн.

Нэг тонн баяжуулсан коксжих нүүрсийг Хятадын Ганцмод боомтод хүргэж өгөх өртөг 2011, 2012 онуудад 80 орчим ам.доллар байсныг тууштай бууруулсаар 50 орчим ам.доллар болгож чадсан. Гэхдээ өртгийг ингэж бууруулсан ч 2012 оноос хойш нүүрсний зах зээлд үнийн уналт биднээс хамааралгүйгээр маш хүчтэй явагдсаныг бид мэднэ.

Ямар ч байсан манай хөрөнгө оруулагч, бонд эзэмшигчид энэ нөхцөл байдлыг зөвөөр ойлгоод, хамтдаа гэрээ хэлцэл хийгээд, эерэг шийдвэр гаргаж байгаа нь компанийг урт хугацаандаа дэмжиж байгаа бодлого, хэлбэр юм.

– Компанийн хувьцаа эзэмшигчид болон олон нийтэд хүлээлт үүсгээд байгаа нэг асуудал бол яахын аргагүй Таван толгойн гэрээ, хэлэлцээр. Хэлэлцээр ер нь цаашид хэрхэн үргэлжлэх бол? Танай компанийн үүрэг, оролцоог хэрхэн харж байна вэ?

– Тухай үед тендер зарлахад манай компани БНХАУ-ын Шинхуа, Японы Сумитомо компаниудтай хамтарч консорциум болж, саналаа өгснийг мэднэ.

Шинээр байгуулагдсан Засгийн газраас Таван толгойн хэлэлцээр дээр нилээд өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилсон байгаа. Хууль зүйн талаасаа, эдийн засгийн үр ашиг талаасаа ч тэр олон асуудлыг нухацтай авч үзэх шаардлагатай байгаа байх. Энержи Ресурс компанийн баримталж байгаа байр суурь бол энэ төсөл Монголд ашигтай, Монголын эдийн засгийн мөнгөн урсгал болон экспортын орлогыг нэмэгдүүлэх ёстой.

Эцсийн дүндээ хэлэлцээрийн үр дүн бол төрийн болон Засгийн газрын шийдэх асуудалучраас УИХ-аар оруулж шийдэх байх. Төрөөс ямар байр суурь гаргана, тэрнийх нь дагуу бид хамтарч ажиллахад бэлэн. Гэхдээ манай компанийн хувьд зээл, төлбөрүүдээ шийдчихлээ. Мөн зах зээлд үнэ харьцангуй өссөнтэй холбоотойгоор санхүүгийн үзүүлэлт, борлуулалтын хэмжээ өсөж байна. Тиймээс үндсэн бизнестээ төвлөрье гэж бодож байна.

Өөрөөр хэлбэл, бидний хувьд Таван толгой төслийг бизнесээ өргөжүүлэх боломжуудын нэг л гэж харж байгаа.

– Сүүлийн үед Засгийн газраас нүүрсний компаниудыг нэг “цонх”-ны бодлогоор ажиллах чиглэлийг өгч байгаа. Энэ хүрээнд бусад компаниудтай хамтран нүүрсний үнийг өсгөх тал дээр ямар бодлого баримталж байна вэ? 

– Нэн тэргүүнд Монголчууд дотооддоо зохицож ажиллах ёстой, нэг нэгнийхээ үнийг доош нь унагаж, улсаараа хохирох шаардлагагүй гэдгийг бид эртнээс ярьж, хэлж ирсэн.

Ямар ч байсан Таван толгой бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бүх компаниуд үнээ өсгөх тал дээр хамтарч, шат дараалалтай арга хэмжээ авч, чармайж байгаа таатай мэдээлэл, ялангуяа төрийн өмчит Эрдэнэс Таван толгой компанийн үнэ нэмэгдсэн нь сүүлийн үед сонсогдож байна. Манай компанийн борлуулалтын үнийн хувьд, 2016 оны сүүлээр тонн тутамд 120 гаруй ам.долларын түвшинд байсан.

Зах зээлийн одоогийн үнэ Цагаан сарын дараа хүртэл хадгалагдах эсэх нь одоогоор тодорхойгүй. Гэхдээ ямар ч байсан энэ онд нүүрсний үнэ ханш 2016 оны дунджаас арай өндөр байх болов уу гэсэн горьдлого байгаа.

– Мэдээж та бүхэн 2017 оны бизнесийн төлөвлөгөөгөө гаргасан байх. Экспортын орлого, нүүрсний борлуулалтын түвшинг хэрхэн харж, төсөөлж байна бэ?

– Энержи Ресурс компанийн хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтуудыг та бүхэн мэдэж байгаа.

Жилдээ 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр бэлээхэн байна. Дагалдах дэд бүтэц, усан хангамж, цахилгаан станц, тээвэр ложистикийн асуудлуудыг бүгдийг шийдсэн. Ийм учраас зах зээлийн нөхцөл байдлаас хамаараад болж л өгвөл үйлдвэрийнхээ хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглахыг зорино.

Нүүрсний үнэ боломжийн байгаа өнөөдрийнх шиг нөхцөлд байгаа хүчин чадлаа бүрэн ашиглаад, сул зогсолтгүй ажиллах нь чухал.

– Танд баярлалаа. Амжилт хүсье.

Эх сурвалж: Блүүмберг телевиз