З.Энхболдын Тавантолгойг гацаах төлөвлөгөө дахин хэрэгжиж эхлэв үү

529

Шинэ оны өмнө Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барина гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж мэдэгдэж байснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Засгийн газраас байгуулсан 19 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд нь Тавантолгойн хөрөнгө оруулагчид болох “Энержи ресурс”, “Шинхуа ресурс”, “Сүмитомо” нартай албан ёсоор ганц удаа уулзсан бөгөөд түүнээс хойш ямар нэгэн шинэ мэдээ дуулдаагүй байна.

Засгийн газрын хүлээж буй үр дүнг тодорхойлсон удирдамжид “Тавантолгой төслийг хэрэгжүүлэгч компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын тал эзэмшиж, үүн дотроо төрийн өмчийн “Эрдэнэс-Тавантолгой”-н оролцоог зохистой түвшинд хангах”-ыг чиглүүлжээ. Ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай ямар чиглэлээр, юу ярилцахыг удирдамжаар тодорхойлж өгсөн.

Консерциумд нэгдсэн гурван компанийн хувьд “Энержи  Ресурс” 51, “Шенхуа” 49 хувийн эзэмшилтэй. Харин “Сумитомо” гурав дахь зах зээлд Тавантолгойн нүүрсийг гаргахын сацуу хөрөнгө босгох баталгаа болж, Консорциумын бүрэлдэхүүнд орж ирсэн. Тэгвэл Засгийн газрын тавьж буй нөхцөлөөр төслийн компани дээр 51 хувиа хадгалах Монголын сонирхол “Энержи Ресурс” болон ”Эрдэнэс Тавантолгой” гэсэн хувилбар юм.

Энэ мэдээлэл гарахтай зэрэгцэн “Тавантолгойг MCS-т өгөх нь” гэсэн хэл ам дэгдэж, үндсэндээ хэлэлцээрийг энэ ондоо багтааж амжаагүй. Түүгээр ч зогсохгүй АН-ын дарга З.Энхболд “Ж.Эрдэнэбатын Засгийн газар шинэ жилийн өмнө хамгийн муу хувилбараар Тавантолгойн гэрээг хийх гэж байна гэж үзэж байна. 40 хүнээс бүрдсэн УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан асуудлыг тусгаж байж гэрээ ашигтай болно.  Ер нь бол “MSC” ээлжит дайралтаа хийж эхэллээ” хэмээн мэдэгдээд амжсан.

Уг нь өнгөрсөн дөрвөн жилд эрх барьж байсан АН-д Тавантолгойг хөдөлгөх бүрэн боломж байсан.Гэсэн хэдий ч фракци хоорондын зөрчлөөс болж энэ төслийг гацаасан нь нууц биш. Тэгвэл гацаанд ороод байсан энэ төсөл ирэх 2017 онд хөдлөхөөр болсныг эрх баригчид дуулгасан. Олон нийтэд энэ төслийн талаарх хүлээлт маш их бий. Гэсэн хэдий ч З.Энхболд тэргүүтэй нөхдийн улс төржилт “Тавантолгой”-г дахин гацаах бололтой.

Учир нь З.Энхболд өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо “Тавантолгойн уурхайд ямар ч хөрөнгө оруулалт хэрэггүй. Монголчууд өөрсдөө хөдөлгөөд байж чадна. 2012 оны сонгуульд Ардчилсан нам орохдоо “Тавантолгойг ард түмэндээ өгнө” гэж хэлсэн. С.Баярцогт, М.Энхсайхан хоёр болохоор “Тавантолгойг “MCS”, “Шиньхуа” хоёрт бэлэглэчихье. “Шиньхуа” гэдэг мундаг төрийн өмчийн компани байна. Монголын Төрийн өмчийн компани ерөөсөө бүтэхгүй юм байна” гэж хэлсэн. Цаад утгаараа С.Баярцогт, М.Энхсайхан хоёр юу гэж хэлж байна гээч. “Хятад улс бол мундаг юм байна. Хятадын төр сайн юм байна. Монголын төр бол авах юмгүй байна” гэсэн. М.Энхсайхан бол Тавантолгойг “Шинхуа”-д өгөөд шагналаа аваад л явах гэж байгаа хүн” хэмээн ярилаа.

Тэгвэл баруун Цанхийн нүүрс 71.5 ам.доллар хүрсэн гэх мэдээллийг “Эрдэнэс Тавантолгой”-н захирал өгсөн бөгөөд олборлолт дээр нь З.Энхболдын гэх “Хишиг-Арвин” компани ажиллаж буй тухай мэдээлэл ч байгаа юм. Тавантолгойн өмнөх хувилбарт яригдаж байсан “Саусгоби сэндс” компанийн хувьд Монгол Улсад 35 тэрбум төгрөгийн татварын өртэй хэдий ч өнөө хэр төлөөгүй байгааг уншигчид санаж буй биз ээ. Харин “Хишиг-Арвин индастриал” компанийн тухайд баруун Цанхийн оператор компаниар сонгогдсон бөгөөд уул уурхайн салбарт төдийлөн нэр нь сонсогдож байгаагүй компани тендерт ялсан нь тухайн үедээ олны анхаарлыг татаж байсан билээ. Түүгээр ч зогсохгүй энэ компани уурхайн олборлолтын тухайд арвин туршлага байхгүй ч “Саусгоби Сэндс” компанийн Мандахнарангийн уурхайн олборлолтыг гүйцэтгэж байсныг дурдах нь зүйтэй. Ингэхээр энэ компани өнөөх татварын өртэй “SGS” компанитай холбоотой юу гэх асуулт гарч байгаа юм.

Харин З.Энхболд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо  “Тэр “Хишиг-Арвин”-тай би ямар ч холбоо байхгүй. Тэр компанийг би “Мэдэгдэл гарга” гэж хэлсэн. Харин надад Хишиг гэж нэртэй дүү байна. Гэхдээ тэр уул уурхайтай ямар ч холбоо байхгүй” хэмээн ярьсан. Гэсэн хэдий ч “Хишиг-Арвин” компани З.Энхболдтой холбоотой гэсэн хардлага хэвлэлийн хуудаснаас салаагүй л байна. Тиймдээ ч З.Энхболд өөрийн холбоотой компанийг Тавантолгойд оруулахаар энэ төслийг удаа дараа гацааж байна гэх хардлага намжихгүй байгаа юм.

Ямартай ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж сар шинийн өмнө Тавантолгойн гэрээг үзэглэх бодолтой байгаагаа хэлж байсан ч учирч болзошгүй эрсдэлээ тооцсон уу, эсвэл энэ мэт улс төржилтөөс болсон уу энэ асуудал дахин нам гүм болоод байна. Хэрэв улстөрчид энэ асуудалд санаатай, санамсаргүй байдлаар хайнга хандаж, төслийг хойшлуулбал 2017 онд Монгол Улс дефолт болно гэдгийг ажиглагчид хэлж байгааг сануулах юун.

Г.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn