АНУ-ын сенатор Жон Маккайн тархины хорт хавдартай болжээ

400

АНУ-ын сенатор, ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах Намаас нэр дэвшиж байсан Жон Маккайн тархины хорт хавдартай болсон тухай түүний албанаас мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Маккайн зүүн нүднийхээ дээр бүлэгнэсэн цусыг авахуулах жижиг мэс ажилбарт орсон юм. Энэ үеэр түүний тархинд хорт хавдар үүссэн байгааг олж тогтоожээ.

“Одоогоор сенаторын гэр бүл ямар эмчилгээ хийлгэх хувилбаруудыг сонгож байна. Химийн болон цацраг туяаны эмчилгээг хослуулах хувилбар үүнд багтаж байгаа” гэж Mayo Clinic Hospital эмнэлгээс мэдэгдсэн байна.

Жил бүр АНУ-д 20,000 хүнд тархины хорт хавдар илэрдэг. Америкийн Хорт Хавдрын Нийгэмлэгийн сүүлийн таван жилийн тоо баримтад өгүүлснээр 55-аас дээш насны өвчтөнүүдийн амьд үлдэх магадлал 4 хувьтай байгаа гэнэ.

Жон Маккайн 2008 онд БНН-аас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, Барак Обамад ялагдаж байсан. 1987 оноос хойш зургаан удаа дараалан Аризона муж улсаас сенатораар сонгогдож байгаа. Вьетнамын дайны ахмад дайчин тэрээр таван жил олзонд байсан гэдэг.

АНУ-ын гадаад бодлого, цэрэг зэвсгийн үйл хэрэгт чухал дуу хоолой болдог Маккайн нь Оросын эсрэг хатуу бодлого баримталдаг, Иракийн дайныг хүчтэй дэмжигч байсан юм.

Тэр мөн ерөнхийлөгч Дональд Трампын хүчтэй шүүмжлэгч. Маккайны өвчний тухай мэдээлэл авсан Трамп “Сенатор Жон Маккайн үргэлж тэмцэгч байсаар ирсэн. Меланиа бид хоёр сенатор Маккайн, түүний эхнэр Синди нарт, гэр бүлд нь түргэн эдгэхийг хүсэн ерөөж байна” гэж мэдэгджээ.