Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Элчин сайд нарыг эгүүлэн дуудах тухай” албан бичгийг өчигдөр Монгол Улсын Их Хурлын даргад хаяглан ирүүлсэн билээ.
Уг албан бичигт Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хариу илгээв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хандсан “Хариу өгөх тухай” эл албан тоотод:
“Танаас ирүүлсэн “Элчин сайд нарыг эгүүлэн дуудах тухай” албан бичигтэй танилцлаа.
Харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна.
Дээрх хуульд заасан журмын дагуу Засгийн газрын санал болгосноор Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг Улсын Их Хуралд ирүүлж, зөвшилцдөг.
Хуулийн энэ зохицуулалт 1992 оноос хойш ямар ч салаа утгагүй хэрэглэгдэж ирсэн бөгөөд үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн гарын үсэг бүхий албан бичгээр Улсын Их Хуралтай харилцаж ирсэн болохыг Танд үүгээр мэдэгдэж байна.
Цаашид хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн харилцааны хэвшин тогтсон ажил хэргийн уламжлалыг алдагдуулахгүйгээр Улсын Их Хуралтай харилцаж байхыг хүсье” гэжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.