С.Батболд: Энэ хотод амьдрах гэж байгаа бол хууль, дүрэмд захирагдах ёстой

275

Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сундуйн Батболдтой ярилцлаа.

-Нийслэлийн 2018 оны төсөв батлагдлаа. Өмнөх жилийнхээс нэмэгдсэн гэсэн мэдээлэл өгч байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Монгол Улсын эдийн засаг төсвөөс их хамааралтай онцлогтой. Энэ нь манай оронд хувийн хэвшил сайн бэхжиж чадаагүйтэй холбоотой. Аливаа нийгэм болон бусад асуудлыг төсвөөрөө дамжуулан шийдвэрлэх гэдэг. Мөн төсвийн хөрөнгө оруулалт хэр байхаас шалтгаалан нийгмийн асуудлууд дагаад шийдвэрлэгдэж байдаг. Тухайлбал, хотын дэд бүтэц, эрүүл мэнд гэх зэрэг бүх асуудал төсвөөс шалтгаалж байдаг. Энэ онцлогоос хамаарч иргэд тухайн оныхоо төсвийг ч их сонирхдог. Төсвөөр дамжаад цалин, тэтгэвэр, тэтгэмж авдаггүй айл гэж байхгүй. Тэгэхээр төсвөөс үл хамааран амьдардаг хүн гэж бараг байхгүй. Тэр утгаараа багагүй сонирхол татдаг. Энэ жилийн төсөвт орлого нэмэгдээд сүйд болсон зүйл байхгүй. Мөн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хүндрэл, бэрхшээл энэ жил алга болохгүй.

-Ирэх онд эдийн засаг хүндхэн хэвээр байна гэсэн үг үү?

-2018 онд эдийн засаг жигтэйхэн өсөөд, гадаад дотоод нөхцөл байдал сайжирна гэсэн хүлээлт байхгүй. Нийслэлд олдог орлогоо олоод, түүгээрээ үйл ажиллагаа үргэлжлүүлэх хэмжээний төсөв байгаа. Энэ олж байгаа өчүүхэн хэмжээний төсвийг хэрхэн яаж үр ашигтай зарцуулах вэ гэдэг дээр бид маш их анхааралтай ажилласан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар төсөв батлах явцад төлөөлөгчдөөс гарсан гол санаа бол нийслэлийн орлогыг улсын төвлөрсөн төсвөөс их татаж байна гэсэн. Гэтэл нийслэл өөрөө хүн ам, эдийн засгийн хувьд улсынхаа амьдралд нөлөө үзүүлж байгаа хэрнээ 208 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлчихдэг. Нийслэлд шийдэх асуудал маш их байдаг. Тэгэхээр улсад төвлөрүүлж байгаа орлогынхоо хэмжээг багасгах талаар Засгийн газартай яриа хэлэлцээрт орох нь зүйтэй гэсэн ийм санаануудыг гаргасан.

-Энэ жилийн төсвийн онцлог гэвэл та юуг хэлэх вэ?

Бид ирэх жил гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлууд томоохон байр суурийг эзэлж байна. Жишээлбэл, Азийн хөрөнгө оруулалтын томоохон зээлүүд бүхэлдээ дэд бүтцийн ажлууд баригдах ийм магадлалтай байгаа. Мөн ирэх жилийн төсвийн нэг онцлог бол бид бүхний амалсан сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийднэ гэсэн томоохон зорилт байна. МАН 2016 оны сонгуульд орохдоо Улаанбаатар хотын гурван ээлжийн сургуулийг хоёр ээлжтэй болгоно. Хороо бүхнийг цэцэрлэгтэй болгоно гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтынхоо хүрээнд ирэх жил бүтээн байгуулалтаа өрнүүлчих юм бол бид бүхэн 2019-2020 оны хичээлийн шинэ жилд Улаанбаатар хотод бүх сургууль хоёр ээлжинд шилжээд, хороо бүхэнд цэцэрлэгтэй байх ажлыг эхлүүлсэн. Энэ бол төсвийн өөрийнх нь гол онцлог. Мөн бид 2017 онд эхлүүлсэн эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээд, гуравдугаар шатлалын улсын эмнэлэг болон хоёрдугаар шатлалын дүүргийн эрүүл мэндийн төвүүдийг тоног төхөөрөмжөөр хангах, гадна тохижилт, зогсоолын асуудлаа шийдэх ажлаа үргэлжлүүлнэ.

-2017 онд эмнэлгүүдийн гадна тохижилт дотоод асуудлыг шийдэж байсан санагдаж байна?

-Тийм. Энэ жил халдварт өвчин судлалын төв, эх нялхсын төвийн болон хоёрдугаар эмнэлгийн гадна талын тохижилтын ажлыг сайжруулна. Дүүргүүдээс үлдсэн хэдэн эмнэлэг, амаржих газруудын гадна тохижилтыг сайжруулна. Иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахдаа тохитой байх боломжтой болно. Бид ирэх жил дүүргийн бүх өрхийн эмнэлэгт тоног төхөөрөмжийн шинэчлэл, засварыг бүрэн хийх ийм зорилт тавьсан байгаа.

-Таны харж байгаагаар 2020 он гэхэд ямар бүтээн байгуулалт эцсийн байдлаар бий болсон байх бол?

-Улаанбаатар өөрөө их шийдвэрлэх асуудалтай хот юм. Яагаад гэхээр энэ хот хөгжиж буй хот. Социализмын үеийн төлөвлөлтөөр явж байгаад зах зээлийн үеийн хот төлөвлөлт рүү орсон. Энэ шилжилтийн үед хот төлөвлөлтийн хувьд алдаа гарсан. Тэгэхээр засаж залруулах зүйл маш их байна. Мөн Улаанбаатар хот хүн амын шилжилт хөдөлгөөн, нийгэм эдийн засгийн байдлаас хамаарч ачаалал бол багагүй ихэдсэн. Зөвхөн энэ салбар доголдоод байгаа юм гэх боломжгүй бүх салбарт асуудал байна. Утаа, түгжрэл, ажлын байр, эрүүл мэндийн салбар, боловсрол гээд асуудалгүй салбар нэг ч байхгүй. Тэр утгаараа багагүй хүндрэлтэй байдал ажиглагдаж байна. Гэхдээ энэ бүх асуудлыг бид зэрэг шийдэж явахаас өөр арга байхгүй. 2020 онд Улаанбаатар хотоос гадагш гарсан замууд бүхэлдээ шинэчлэгдэж дуусна. Ганцхан үлдсэн байгаа нь зүүн таван аймаг, зүүн гурван аймаг, говийн хоёр аймаг, алслагдсан гурван дүүрэг рүү гардаг зам байна. Эдгээр замууд бүрэн шинэчлэгдэж дуусна. Хотын шинэ нисэх буудал ашиглалтад орсонтой холбогдуулан Монгол Улсын хамгийн анхны дагуул хот болох Areo city-г холбосон шинэ хурдны зам ашиглалтад орсон байна.

-Дагуул хотын асуудал яригдах байх?

-Тийм ээ. Түүнийг дагаад дагуул хотын бүтээн байгуулалт эхэлсэн байна. Туул голыг давсан гүүрүүд шинэчлэгдэж дууссан байна. Ганцхан Зайсангийн гүүр үлдсэн байна. Үүнийг бид зураг төслийг нь гаргаж байгаад монголчууд өөрсдийнхөө хүчээр гоё гүүр барих бодолтой байна. Энэ ажлыг эхлүүлвэл 1950 оноос хойш шинэчлэгдээгүй Туул гол дээгүүрх бүх гүүр бүрэн шинэчлэгдэж дуусна. Улаанбаатар хотын гуравдугаар тойруугийн зам гэж хэлж болох хотын төвөөр дамжихгүйгээр гурав дахь тойруугаар дамжиж явна. Жишээлбэл, Баянхошуунаас Хайлааст дамжин шууд Дарь эх рүү гарах замын эхлэлийг тавина гэж үзэж байгаа. Ер нь хотын анхны давхар гүүрэн зам Замын цагдаагийн уулзвар дээгүүр болон Зүүн дөрвөн зам дээгүүр баригдаж эхэлсэн жил болно. 2020 он гэхэд барилгын салбарт хоёр шинэ дэд бүтэц ашиглалтанд орсон байна. Баянхошуу дэд төв, Сэлбэ дэд төв ашиглалтанд орно. Энэ төвүүд рүү дулаан болон бохирын шинэ шугам очих учраас тэнд барилгажих боломж бүрдэнэ. Өмнөх шигээ зөвхөн бага тойруу, төв талбай тойрсон төвтэй биш найман дэд төвтэй болох ёстой. Тэр найман дэд төвийн хоёр нь баригдсан  байна. Гурав дахь дэд төв болох Яармагийг хамгийн ирээдүйтэй төв гэж харж байна. Ер нь Яармагт шинэ Улаанбаатар хот байгуулна.

-Эрүүл мэнд, боловсролын чиглэлээр ямар ажил төлөвлөгдсөн бэ? 

-2020 он гэхэд хот хоёр том оношлогооны төвтэй болно. Хоёрдугаар эмнэлэгт үндэсний оношлогооны төв ашиглалтад орно. Мөн Анагаах ухааны их сургуулийн харьяа оношлогооны төв ашиглалтад орно. Дээр нь Сонгинохайрхан дүүрэгт дэлхийн жишигт нийцсэн 250 мянган хүн амд үйлчлэх хүчин чадалтай нэгдсэн эмнэлэг ашиглалтад орно. Мөн Хан-Уул дүүрэг, Чингэлтэй дүүрэгт ийм эмнэлэг ашиглалтад орно. Боловсролын салбарын хувьд нийт хүүхдийн 85%-ийг цэцэрлэгт хамруулна. Ийм төвшинд хүргэсэн байх болно. Мөн Засгийн газрын хуралдаанаар асуудал шийдэгдвэл утааг бууруулах хийн төслийн эхлэл тавигдсан байна гэсэн төсөөлөлтэйгөөр бид бүхэн үйл ажиллагаагаа төлөвлөөд явж байна.

-Метро тавих ажил ямар шатандаа явна вэ?

-Хотыг дулаанаар хангадаг цахилгаан станцад нүүрс хүргэх асуудал байдаг учраас төмөр зам зайлшгүй байх ёстой. Гэхдээ олон улсын транзит ачаа болон аюултай ачааг хотоор тойруулан тээвэрлэх учиртай. Тийм учраас хотыг тойрсон Богд-Уулын өврөөр төмөр зам барих асуудлыг байнга ярьж байна. Улаанбаатар төмөр зам өөрөө ОХУ болон Монголын хувь нийлүүлсэн байгууллага. Эднийхтэй ярьж байгаад “Богд хаан төмөр зам” гэдэг төсөл эхэлсэн. Засгийн газрын хуралдаанаар төсөл ороод дэмжигдсэн. Богд хаан уулын өврөөр төмөр зам явуулаад, түрүүчийн ярьсан аюултай болон транзит ачааг тээвэрлэхээс гадна уулыг тойроод хотын төвөөр дамжсан цахилгаан галт тэрэгний шугам тавихаар ярьж байна. Улаанбаатар хотын төвөөс хөдөлсөн галт тэрэг Богд хаан уулыг тойроод Сонгино, Шувуун фаприк, Areo city, Зуун мод, Налайх гэж дамжаад хотод ирдэг цагирган төмөр замын төслийг эхлүүлээд явж байна. Энэ бол томоохон төсөл. Ингэхдээ метрог орхиогүй байгаа. Хотод яагаад метро хэрэгтэй вэ гэхээр манай хот сэрүүн бүсийн хот юм. Ийм учраас бидэнд газар доорхи байгууламж зайлшгүй хэрэгтэй. Энэ байгууламж хөгжсөнөөрөө хот жинхэнэ утгаараа хот болж хөгжинө. 2025 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг харвал бид метроны асуудал заавал ярих хэрэг гарна. Яг өнөө маргаашдаа метроны судалгаа хийлгэсэн байна. Суурьшил бусад зүйлүүдээ бодохоор жаахан төвөгтэй, эдийн засгийн хувьд үр ашиггүй байна. 2020 он гэхэд энэ асуудал яригдана.

-Зүүн эргэх зохицуулалт багагүй асуудал дагуулж байгаад эргэн татагдсан. Та тэр зохицуулалтыг цуцалсан шүү дээ. Иргэдийн бухимдлын улмаас хориглосон уу?

-Би энэ шийдвэрийг явуулах сонирхолтой байсан. Харин Засгийн газар миний шийдвэрийг хүчингүй болгосон. Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах байнгын ажлын хэсэг ажилладаг. Мэргэжлийн байгууллага хамтарсан ажлын хэсэг ажилладаг. Яаж замын энэ их түгжрэлийг бууруулах вэ гэдэг асуудал байнга яригдаж байдаг. Манай хотыг хаанаас нь ч хамаагүй машин орж ирдэг дэлхийн цорын ганц хот гэж хэлж болно. Төв замаар явж байхад хаанаас нь ч хамаагүй машин орж ирдэг. Хоорондоо зөрж эргэдэг шүү дээ. Зүүн гар тийш эргэхийг хориглох нь төв замын хөдөлгөөнийг сааталгүй эргэлдүүлэх асуудал байсан. Гэтэл манай ганц гол гудамж байнга түгжирдэг. 100 метр яваад л машин эргэж байдаг. Дандаа баруун тийш эргэж гарч байдаг. Хөдөлгөөн нь тасралтгүй урсдаг байх юм бол бусад туслах замын түгжрэлийг шийдээд явах боломжтой. Бид энэ зүүн эргэхийг хориглосон шийдвэр дээр тактикийн болон хугацааны хувьд алдаа гаргасан. Энэ асуудал буцаагүй байгаа. Бага багаар шийдээд явна. Одоо ялангуяа түгжрэл утгаа алдаж байгаа энэ үед бууруулах тал дээр эрс шийдэмгий шийдвэр гаргах шаардлагатай болж байна. Тухайлбал, он хуучин машинуудыг хот руу оруулж ирэхгүй байх ч гэдэг юм уу олон асуудал шийднэ гэх мэтчилэн олон асуудал байгаа. Бүгдээрээ түгжрээд ажлаа алдаад байх уу, эсвэл тодорхой зохицуулалтад орж, шуурхай ажлаа амжуулдаг байх юм уу гэдэг сорилтын өмнө нь ирж байна.

-Замын цагдаагийн өмнөх уулзварт дөрвөн замын уулзвар баригдах гэж байсан. Ц.Сандуйгийн үед “Home plaza” баригдсан. Энэ барилга багагүй асуудал дагуулсаар байна. Үүнийг хэрхэх вэ?

-Энэ асуудал надаас өмнө шийдэгдсэн асуудал. Одоо нэгэнт баригдсан хүний үл хөдлөх хөрөнгө, өөрийнх нь нэр дээр юм уу, аль нэг байгууллагын нэр дээр байдаг учраас үүнийг зөөж буулгах асуудал байхгүй. Бид гэхдээ шийдлийг нь олоод, давхар зам барина. Давхар замаар хөдөлгөөнийг шууд урагш гаргахаар зураг төсөл батлагдаад ажил эхэлсэн. Тэрхүү барилгыг нүүлгэнэ гэвэл буцаан олголтод гүүрнээсээ их хөрөнгө олгох асуудал гарна. Цаашид хот төлөвлөлт дээр их анхааралтай, алсыг харсан, УИХ-аар батлагдсан ерөнхий төлөвлөгөө гэдгээ барьж явахгүй бол манай хотын төлөвлөлт алдагдсан. Одоо үүнийг хэрхэн засаж залруулах вэ, яаж дагуул хот бий болгож хотын төвлөрлийг сааруулах вэ, төрийн захиргааны байгууллагуудыг хотын төвөөс гаргах зэрэг бүх ажлыг зэрэг хийж явах хэрэгтэй.

-Нийслэлд улс төрийн асуудал хурцаар тавигддаг. МАН, АН хамтарч ажиллах тал дээр багагүй зөрчилдөөн гарч байгаа харагддаг. Та Нийслэлийн МАН-ын даргын хувьд, улс төрч хүнийхээ хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд 20 гаруй улс төрийн нам бүртгэлтэй байдаг. Тэрнээс хамгийн идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж, төрийн эрхийг ээлжлэн барьж байгаа намууд бол МАН, АН хоёр байна. Энэ хоёр намын төлөвшил, энэ хоёр намын явуулж буй үйл ажиллагаанаас Монголын улс төр өөрөө их хамаарах учиртай. Хорь гаруй жил улс төрд яваааа хүний хувьд манай улс төр нийгмээсээ хоцроод байна гэж хардаг. Улс төр нь ч хоцорч байна. Улс төрчид нь хоцорч байна. Би улс төрийн өнөөгийн нөхцөл байдал улс төрчдийн байгаа байдал өөрөө улс орныхоо ирээдүйг боомилж байна. Тийм учраас Монголын улс төрийг өөрчлөх ёстой. Энэ дээр шинэ залуу үе гарч ирнэ гэдэгт би итгэлтэй байдаг. Өөрчлөхийн тулд бид яах ёстой вэ? Зүгээр нэг хүнийг нөгөө хүнээр солиод байх асуудал биш. Ерөөсөө бүхэлдээ энэ улс төрийн намуудыг өөрчлөх хэрэгтэй. Мөн төрийн тогтолцоогоо эргэж харах хэрэгтэй. Өнөөдөр шинэ Үндсэн хууль батлаад 25 жил болчихлоо. Хараад байхад 25-30 жилийн давтамжтайгаар Үндсэн хуулиндаа бид гар хүрч байсан.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж байна уу?

-Бид 25 жил болсон Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, улс төрийн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Яагаад гэхээр энэ улс төрийн тогтолцоо цаашид яг зөв юм уу гэдэгт эргэлзэж эхэлж байна. Энэ мэдээж ардчилал, хүний эрх, нийгмийн суурь зүйлүүдийг өөрчилнө гэсэн үг биш. Ерөөсөө Засаг захиргааны бүтэц, улс төрийн намууд, их хурал, хууль тогтоох байгууллагууд, шүүх засаглал, гүйцэтгэх засаглал хоорондын харилцаа энэ бүхэн болж байна. уу. Нэг танхимтай парламент болж байна уу, үгүй юу гэдгийг  харах ёстой. Би УИХ-ын гишүүн байхдаа Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах, хоёр танхимтай парламент болох нь зүйтэй юм гэсэн саналаа дэвшүүлсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийг би маш их дэмжиж байгаа. Гэхдээ иж бүрнээр нь, бүх ард түмний санал асуулгыг үндэслэж байгаад хуулиа өөрчлөх хэрэгтэй. Тогтолцоо, улс төрийн намуудыг шинэчлэх хэрэгтэй. Тэгээд цааш явах хэрэгтэй. Тэгэхгүй бол манай улс төрийн өнөөгийн байдал үнэхээр явахгүй байна.

-Нийслэл дэх сөрөг хүчний шүүмжлэлийг ажилдаа тусгадаг уу?

-Нийслэлийн хувьд МАН 34 суудалтай, АН 11 суудалтай. Би энэ хоёр намын төлөөлөгч нартай бүгдтэй нь сайн учраа олоод явдаг. Улс төрийн өөрийнхөө туршлага дээр үндэслээд явж байна. Бид бүхэн зөв зүйтэй шүүмжлэлийг хүлээж аваад явж байна. Үүн дээр улс төрийн эв нэгдлийг хангах зайлшгүй шаардлагатай. Хэн нэгэн улс төрчийн амбиц, аль нэг намын эрх ашиг гэхээс илүү Монгол Улсын тал болсон энэ нийслэл хотын амь амьдралыг хамгийн гол нь зөв гольдрилоор нь авч явах асуудал дээр аль ч улс төрийн хүчин, хэнтэй ч хамтарч ажиллахад бэлэн бодлого явуулдаг.

-Нийслэлийн МАН-ын дотоод зөрчил арилсан уу?

-Яах вэ, манай намын дотор талд тодорхой хэмжээний зөрчил өнгөрсөн 2016 онд үүссэн байсан. Бид энэ бүхнээ сая намынхаа Их хурлыг хийгээд шийдсэн. Манай ИТХ дээр ч гэсэн зөрчлийн асуудал үүссэн. Энэ бүгдийг бид дотооддоо үндсэндээ шийдсэн. Одоо намын дотоодод зарчмын зөрчилдөөнтэй гэх асуудлууд байхгүй.

-Э.Бат-Үүл даргын үетэй харьцуулбал одоо ажил явуулахад хэр бэрхшээл тулгарч байна вэ?

Засаг дарга нар бүгдээрээ адилхан зовлонтой. Аль намын хэн байх нь ялгаа байхгүй. Бид бүхний өмнө адилхан сорилт тулгардаг. Дэлхийн хотуудын дарга нар цуглаад уулзаад ярихад ч гэсэн бүгдээрээ хотын дарга гэдэг хэцүү алба гэдэг. Хотын даргын ажил бол Ерөнхий сайд болон УИХ гишүүн сайдын ажлаас ч хүнд ажил юм. Яагаад гэвэл хотод тулгарахгүй, шийдэхгүй асуудал гэж байхгүй. Эрүүл мэнд, барилга, нийгмийн хамгааллын асуудал гээд оролцохгүй асуудал байдаггүй учраас бүх хотын дарга нар уулзаад ярихаар хүнд гэдэг. Тэгэхээр бид аль намаас хэн ч томилогдсон бай хотын дарга нар бие биенийхээ зовлонг ойлгодог байх ёстой гэж ярилцдаг. Мөн Э.Бат-Үүл даргын хувьд санхүү, эдийн засгийн сайн эрх чөлөөтэй байсан. Хот өөрөө зээл авах, концессийн гэрээ байгуулах, бонд гаргах гээд олон эрх нь нээлттэй байсан. Энэ утгаараа санхүүгийн хувьд эрх чөлөөтэй ажиллаж байсан. Энэ байдал Э.Бат-Үүл даргын хувьд давуу байсан. Намайг ажиллаж байх үед хуулинд өөрчлөлт оруулаад, хотын энэ санхүүгийн эрх чөлөөг хумьсан нь тодорхой зарим асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байна. Одоо Засгийн газарт Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барьсан байгаа. Нийслэлийн засаг дарга тодорхой хэмжээний санхүүгийн эрх мэдэлтэй байж энэ бүх асуудлуудыг шийдэх шаардлагатай. Энэ хоёр дээр ялгаатай. Мөн намын хувьд мэдээж хоёр нам хоёр өөр бодлоготой.

-Тийм ээ.

-Би АН-ыг жаахан барууны нам гэж бодож байгаа. АН хэцүү бодлого гаргаад байдаг л даа. Мөнгө өгнө, энэнд халамж тараана гээд байдаг. Манай нам бол зүүн төвийн үзэлтэй нам. Миний явуулж байгаа бодлого хүн рүүгээ чиглэсэн. Энэ Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа хүмүүст илүү таатай ажиллаж амьдрах боломж олгох ёстой. Байгаа хөрөнгө мөнгийг иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх, ажлын байр бий болгох, үзүүлж байгаа эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн бодлого явуулж байгаагаараа илүү өөр. Мөн бага мөнгөөр хүмүүст хүрсэн бодлого явуулж байгаагаараа илүү өөр болов уу гэж бодож байна.

-Таныг шүүмжилсэн, эсэргүүцлээ илэрхийлсэн, огцрохыг шаардсан олон жагсаал болдог. Энэ байдлыг хэрхэн хүлээн авдаг вэ?

-(инээв. сурв). Мэдээж хэцүү. Цонхны доор ирээд жагсаад байх мэдээж хүнийг бухимдуулж, стресстүүлдэг. Аливаа зүйлийг жагсаалаар шийдэхгүй. Энэ олон жагсаал нэг хүний ч юм уу, хувийн эрх ашиг, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн төлөө байх тусам надад илүү төвөгтэй санагддаг. Харин нийтээрээ утаагаа арилгая, ядуурлаа бууруулъя, ажлын байр бий болгоё гэдэг байх ёстой асуудал. Тэгэхгүй намайг засаг даргаар тавих хэрэгтэй, би муу байшин барьсан тэрийг ашиглалтад авахгүй байна гэдэг дүрэм журам зөрчсөн, түүнийгээ өөрийнхөө талд ашигтай болгох гэж дарамт үзүүлэх байдлаар жагсах гэх мэтчилэн ийм төвөгтэй байдал үүсгэж байгаа юм. Хүн өөрийнхөө эрхийг эдлээд, нийтийн эрх ашгийн төлөө дуу хоолойгоо өргөхөд надад огт эмзэглэх зүйл байхгүй. Би жагсаал цуглаан зохион байгуулахад хангалттай зөвшөөрөл өгдөг. Гэхдээ та жагсахдаа бусдын эрх ашгийг хөндөж болохгүй. Бусдыг доромжилж, гүтгэж болохгүй, замын хөдөлгөөнд саад учруулж болохгүй, дуу хоолойгоо илэрхийлж болно гэдэг. Би 14 хоног тутам иргэдтэй уулзаж байгаа. Ирээд асуудлаа тавьж болно. Шүүхийн шатанд яваа асуудлаа “С.Батболд оо, одоо шийдэх ёстой” гээд шахаад байх ч юм уу, төрийн захиргааны үйл ажиллагааг тасалдуулсан, хүч хэрэглэсэн тийм жагсаалыг би хүлээн зөвшөөрөхгүй.

-Таныг Нийслэлийн МАН-ын дарга болохоос өмнө огцруулах мэдээлэл гарсан байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Засгийн газрыг огцруулахтай холбоотойгоор аймаг, нийслэлийн засаг дарга нарт сэлгээ орох ёстой гэсэн тийм улс төрийн давалгаа байсан байх. Би тэр давалгааны нэг байсан байх гэж бодож байна.

-Иргэдийн саналыг хүлээн авч шийдвэрлэхгүй бол асуудал гарна биз?

-Ер нь бол шийдье гэж л явдаг. Би төрийн захиргаанаас ажлын гараагаа эхэлж, 30 жил энэ салбарт ажиллаж байна. Асуудлыг маш шуурхай шийдэж ирсэн. Би мэргэжилтнээс эхлээд Монгол Улсын төрийн сайд хүртэл ажиллаж ирсэн. Энэ хугацаанд тухайн асуудал хууль номын дагуу бол асуудлыг маш хурдан шийдэх ёстой гэсэн байр суурь баримталдаг. Гэхдээ хууль бус зүйлүүд маш их ирдэг. Тэрийг нь шийдэж чадахгүй байгаа нь өөрт хүндрэлтэй санагддаг. Харин хуулийн дагуу асуудлыг маш хурдан шийдэх ёстой гэсэн үүрэг даалгаврыг албан хаагч нартаа өгдөг.

-Нэг байшин бариад л хотхон гэж нэрийддэг. Энэ асуудал нийслэлээр шийдэгддэг үү?

-Одоо Барилга, хот байгуулалтын сайдын тушаал гараад, гудамж талбайн нэршил коджилт бий болж байгаа. Тэрүүгээр үүнийг шийднэ. Яг одоо хотын ерөнхий төлөвлөгөөний газарт нэршлийн асуудал яригдаж байгаа. Хэдэн барилга хэдэн байшинг хотхон гэх вэ? Хэд байвал хороолол гэх вэ гэдэг асуудлыг журамлахгүй бол нэг байшин бариад хотхон гээд байдаг. Мөн нэршлийн хувьд хүртэл журамлахгүй бол болохгүй байгаа. Түүнчлэн хот дотор нэг байшин бариад тойруулаад хашаа барьдаг асуудлыг бүрэн цэгцлэнэ. Тэр хашаагаа дандаа өөрийн эзэмших ёстой газраасаа дандаа хэтрүүлж барьдгийн улмаас хот дандаа хашаатай болчихоод байна. Тийм учраас аль болох хашаа бариулахгүй, хүмүүс чөлөөтэй зорчих тэр боломжийг бий болгоно.

-Хотод газар чөлөөлөх ажил маш их асуудал дагуулж байна?

-Газар чөлөөлөх асуудал байнга явагдаж байгаа. Бидний хийсэн томоохон ажил бол энэ газар чөлөөлөх ажлыг иргэдтэйгээ хамт хийсэн явдал юм. Иргэд фэйсбүүк хаягаар энэ барилга ийм байна гээд явуулдаг. Тэрийг нь бид шуурхай чөлөөлөх ажил явуулдаг. Ингэснээр маш их үр дүнд хүрч байгаа. Ер нь манай аж ахуй нэгжүүд эзэмшлийн газраасаа дандаа нэг хоёр метр илүү хашаа барьсан. Тэрийг бид бүгдийг нь нийтийн эзэмшилд шилжүүлж байгаа. Гадуур байгаа ТҮЦ-ийг хүмүүс “амьдралын асуудал” гэдэг. Гэхдээ тэр хүн амьдрахын тулд тэнд бие засаад, хог тариад, архи тамхи зараад амьдралаа залгуулж байж болохгүй. Бид Чингисийн өргөн чөлөөний орчимд ТҮЦ байрлуулахгүй. Жишээ нь, ард талд нь лангуу түрээслээд сууж байгаа иргэн байхад урд нь заавал ТҮЦ тавиад амьдралаа залгуулна гэж болохгүй. Энэ мэтчилэн асуудлыг цэгцлэнэ. Энэ хотод амьдрах гэж байгаа бол хууль дүрэмд захирагдах ёстой. Таны эрх ашгаас гадна нэг сая 300 мянган хүний эрх ашиг яригдаж байдаг учраас дүрмийн дагуу л амьдрах шаардлагатай. Өөрийн эрх ашгийн төлөө төрийн захиргааны байгууллагыг дарамтлах зарчим барих юм бол би тэрний эсрэг хангалттай тэмцэж чадна.

-Хотын соёлын тухай ойлголт бага байх шиг байна. Энэ талаар та бодлоо хуваалцахгүй юу?

-Манай Улаанбаатар хотын хамгийн эмгэнэлтэй нь хотын соёл төлөвшихгүй байгаа асуудал. Биднийг хүүхэд байхад Улаанбаатар хот өөрийн гэсэн соёлтой. Хотын иргэд шал өөр хүмүүс байсан. Гэтэл зах зээлийн үед холилдоод, нүүдэл суудал гээд маш хэцүү болчихлоо. Тэгэхээр бид дахиад энэ хотын соёлын асуудлыг ярих хэрэгтэй болчихож байгаа юм. Хотод амьдрахын тулд ямар соёлтой байх ёстой вэ гэдгийг ялангуяа залуучуудад хүргэх гээд ажиллаж байна. Тийм учраас бид Нийслэлд Залуучуудын хөгжлийн газар гэж байгуулсан. Тэр газар залуучуудын дунд бие биетэйгээ харьцах соёлын тухай, та автобусанд яаж явах ёстой вэ, үзвэр үйлчилгээний газар хэрхэн биеэ авч явах ёстой вэ, яагаад гудамж талбайд шүлсээ хаяж болохгүй вэ, тамхины ишээ яагаад хаяж болохгүй вэ гэх зэрэг хүнд харагдахгүй маш олон соёлд сургах хэрэгтэй байна. Харамсалтай нь төлөвшихгүй байна. Хотод амьдрахын тулд соёлд суралцах, төлөвших хэрэгтэй. Өөрийн дураараа, би эрхээ эдэлж байна гэж болохгүй шүү дээ. Хотод амьдрах гэж байгаа бол хот өндөр өртөгтэй газар юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Та машин унаж байгаа бол татвараа төл, та машин унаж байгаа бол төлбөртэй зогсоолд байршуул. Ингэхийн тулд тэр мөнгөө олдог байх хэрэгтэй. Тэр дүрэмд захирагдах ёстой.

У.УРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: ulaanbaatar.mn