Өмнөд Солонгосын улс төрийн хямрал дээд цэгтээ хүрлээ

607

south-korea

Өмнөд Солонгост өнгөрсөн Бямба гарагт болсон Ерөнхийлөгч Пак Кын Хэг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын тоо дээд хэмжээндээ хүрчээ. Эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулагчдын баталж буйгаар Сөүлийн нэгэн томоохон жагсаалд 1.5 сая хүн оролцсон бөгөөд бусад хотод 400 мянга орчим хүн жагссан гэнэ.

Харин Сөүлийн цагдаагийн газраас нийт 270 мянган хүн оролцсон гэсэн тооцоо гаргажээ. Тус улсын засаг захиргаанаас 25 мянга орчим цагдааг жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсгэхээс сэргийлж, ажиллуулсан байна. Өмнөд Солонгосын прокурорын газраас Ерөнхийлөгчийн найз Чхве Сун Силийг өөрийнхөө нэр дээр байдаг төрийн бус хоёр сандаа томоохон компаниудаар хөрөнгө оруулсан гэж буруутгасан.

Ингээд энэ сарын 20-нд түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэсэн хэргээр түүний эсрэг албан ёсоор хэрэг үүсгэжээ. Тус улсын Үндсэн хуульд зааснаар өнөөгийн Ерөнхийлөгч халдашгүй бүрэн эрхтэй тул прокурорын газраас түүнд эрүүгийн хэрэг үүсгэх эрх байхгүй. Гэсэн ч түүнийг авлигын дуулианд холбоотой гэж мэдээлж байгаа билээ.

Ерөнхийлөгч Пак Кын Хэ энэ асуудлаар хоёр удаа уучлалт гуйсан боловч cap гаруйн өмнө эхэлсэн эсэргүүцлийн давалгаа улам газар авч байна. Өмнөд Солонгос улсад сүүлийн 30 жилд ийм том хэмжээний эсэргүүцлийн жагсаал дэгдэж байгаагүй юм. Бямба гарагийн орой Хөх ордныг тойрон эсэргүүцэгчид хэдэн мянган лаа барин жагсчээ.

Сөүлийн жагсаалд оролцогч Квак Бо Ен “Би ийм арга хэмжээг зурагтын мэдээллээс олж сонсоод ирэхгүй байж чадаагүй. Иргэд түүнийг огцроосой гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа. Гэтэл тэр энэ шаардлагыг урьдын адил хүлээн авахгүй байна” гэж мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр “Би эсэргүүцлийн арга хэмжээнд хоёр дахиа оролцож байгаа. Харин нөхөр, хүүхдүүд маань энд анх удаа ирээд байна” гэж ярьжээ.

Ерөнхийлөгч Пак Кын Хэгийн нэр хүнд эрс унаж, социологийн хамгийн сүүлчийн судалгаагаар таван хувьд л хүрчээ. Тэрбээр энэ сарын эхээр ард түмэндээ хандаж, хувийн харилцаандаа хэт их итгэж байснаа хүлээн, хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллана гэж мэдэгдсэн юм.

Пак Кын Хэгийн Ерөнхийлөгчийн хугацаа жил, гурван сарын дараа дуусгавар болно. Гэвч өдгөө хууль хяналтынхан түүнийг авлигын дуулиантай холбоотой болохыг илрүүлсэн тул түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж магадгүй юм.

Өдгөө 64 настай Пак Кын Хэ 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй төрийн тэргүүн болж байсан билээ.