Испаний жижигхэн, ядуу Серезалес дел Кондадо тосгоны 80 иргэн бүгд нэг өдөр саятан боллоо. Corona шар айрагны үйлдвэрийн эзэн уг тосгоны хүн тус бүрт $2 саяыг өвлүүлжээ.
Corona шар айрагны үйлдвэрийг эзэмшигч, Групо Модело компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Антонино Фернандез өнгөрсөн наймдугаар сард 99 насандаа таалал төгссөн юм. Тэрээр Серезалес дел Кондадо тосгоны 13 хүүхэдтэй ядуу гэр бүлд төржээ. Сургалтын төлбөрөө төлж чадаагүйн улмаас 14 насандаа сургуулиа орхисон Фернандез хожим Мексикт дүрвэж очоод 1949 онд 32 настайдаа Групо Моделог байгуулж байв.
Түүний бий болгосон Corona шар айраг амжилт олж Мексикийн хамгийн алдартай ундаа болсон ба АНУ-ын хоёр дахь хамгийн алдартай импортын шар айраг болсон байна. Нас барсан тэрбумтан төрөлх тосгоноо мартсангүй, $210 саяыг иргэн бүрт нь хувааж бэлэглэхийг захижээ. Ингээд баруун хойд Испанийн нойрмог тосгоны 80 иргэн тус бүр $2.49 саяыг авсан байна.
Тэр бас тосгонд цоо шинэ соёлын төв байгуулахыг захиж, Мексикийн буяны байгууллагад үлдсэн бүх мөнгөө хандивласан гэнэ. Нас барахаасаа өмнө олон жил буяны үйлсэд мөнгө хандивлаж байсан Фернандезийг Испаний эзэн хаан шагнан алдаршуулж байжээ.
Эх сурвалж: Russia Today