Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн хэсэг залуучууд үл мэдэгдэх шингэнд хордож, дөрвөн хүн нас баржээ.
Уг мэдээлэл арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Улсын онцгой комисст ирсэн байна.
Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн захирамжаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү нар Дорнод аймагт ажиллаж байгаа аж.
Тэд газар дээр нь очиж хориг арга хэмжээ авах, хордлогын шалтгааныг судалж тогтоох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эмнэлгийн тусламж үзүүлэх зэргээр цаг алдалгүй шуурхай ажилласнаар байдлыг хяналтанд авч тогтворжуулсан байна.
Хэргийн талаар тодруулбал, үл мэдэгдэх шингэнд 26-43 насны 21 хүн хордож, гурав нь эмнэлэг хүргэх замд, нэг нь эмчлүүлж байхдаа нас баржээ.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, тагнуул, цагдаа, эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн баг “Петрочайна Дачин Тамсаг” компанийн 19, 21 дүгээр талбайд үзлэг шалгалт хийж, тодорхой хэмжээний үл мэдэгдэх шингэн зүйлийг хураан авсан байна.
Уг шингэнийг юу болохыг тодорхойлуулахаар өнөөдөр өглөө 07.00 цагт Улаанбаатар руу Шүүх эмнэлэг, МХЕГ-ын Төв лабораторид дээж илгээсэн аж.
МХЕГ-аас тодорхой удирдамжийн дагуу 2016 оны аравдугаар сард “Петрочайна Дачин Тамсаг”, туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтын үеэр “Зөв боломж” компани Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй, ажиллагсдын нийгмийн баталгаа, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг зөрчсөн нь тогтоогдсон тул үйл ажиллагааг нь аравдугаар сарын 9-ний өдөр түр зогсоож, зөрчил арилгах албан шаардлага, үүрэг даалгавар өгчээ.
Гэтэл “Зөв боломж” ХХК дур мэдэн үйл ажиллагаа явуулж байж. Иймээс “Петрочайна Дачин Тамсаг”, туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-д Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хариуцлага тооцох юм байна.
Одоогийн байдлаар ЭМЯ-наас томилогдсон мэргэжлийн эмч нарын баг Дорнод аймагт ажиллаж байна. Хордсон өвчтөнүүдэд эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Мөн яамнаас Дорнод аймагт ажиллаж буй мэргэжлийн багийн эмч нартай цахим хурал хийж, өвчтөнүүдийн эмчилгээний талаар санал солилцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн аж.
Одоогоор 24 өвчтөнийг илрүүлж, таван өвчтөнд гемодиализ эмчилгээнд оруулаад байна. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтворжих хандлагатай байна гэж мэргэжлийн багаас мэдээллээ.