УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны маргаашийн хуралдаанаар Засгийн. газраас Хөгжлийн банканд хийсэн шалгалтын талаарх ажлын хэсгийн мэдээллийг сонсоно. Гэхдээ ажлын хэсгийн шалгалтын дүнгийн талаарх мэдээлэл АН-ын бүлэгт ирээгүй байгаа тул энэ асуудлыг долоо хоногоор хойшлуулах саналыг АН-ын бүлгээс хүргүүлнэ хэмээн УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж хэллээ.
Тэрбээр энэ талаар “Ерөнхий сайд энэ долоо хоногт мэдээлэл хийх ёстой. Хуульд мэдээлэлтэй холбоотой бичиг баримтыг долоо хоногийн өмнө сөрөг хүчиндээ өгөх ёстой гэж заасан байдаг. Иймээс МАН-ын бүлгийг болон Засгийн газрыг хууль зөрчихгүй байхыг уриалж байна” гэж хэллээ.
Хөгжлийн банкнаас авсан томоохон зээлүүдийн 60 хувийг МАН-ын гишүүдийн компани, аж ахуйн нэгж байгууллагуудын авсан зээл эзэлж буй юм. Хөгжлийн банкнаас дамжиж олгогдсон зээл, хөтөлбөрийг зөвхөн АН аваад зарцуулсан мэтээр хэт улстөржүүлж яриад байгаа нь өөрөө худлаа юмаа гэдгийг нотлох гол баримт бол энэ гэдгийг АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ онцоллоо.
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа 2017 оны улсын төсвийн талаар мэдээлэл сонссон.
Энэ талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа “2017 оны төсвийг алдагдал багатай, зарлагыг дээд хэмжээнд хүртэл танасан. Орлогоо бүх боломжоор шавхсан ийм төсөв байх ёстой гэсэн шаардлагыг АН-ын бүлгээс Засгийн газарт тавьсан. Мөн зарлагыг бууруулахын тулд бүх төсвийг ерөнхийлөн захирагч нарын багцыг таван хувиар бууруулж, хэмнэх үүрэг даалгаврыг өгье гэсэн саналыг гаргасан боловч мөн дэмжигдээгүй” гэлээ.
Түүнчлэн АН-ын бүлэг УИХ-ын Төсвийн зарлагын дэд хороотой хамтран төсвийн задаргаа, төсвийн зарлага тус бүр дээр ажиллана хэмээн АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ хэллээ.