Пак Гын Хэг огцруулахыг хүссэн жагсагчдын тоо 2 саяд хүрлээ

789

south-korea2

Солонгос улс даяар Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцрохыг шаардсан жагсаалууд өрнөж байгаа нь тус улсын түүхэн дэх хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөнд тооцогдоод байгаа юм.

Хатагтай Пак улс төрийн дуулиант хэрэгт нэр холбогдсныхоо төлөө иргэдээсээ хоёр ч удаа уучлалт хүссэн ч суудлаасаа бууж, албан тушаалаа өгөхийг яарахгүй байна.

Жагсаалыг зохион байгуулагчдын мэдээлснээр нийслэл Сөүл хотноо 1.5 сая хүн, бусад хотуудад 400 мянган хүн жагссан гэнэ. Харин Сөүлийн цагдаагийн газраас 270 000 хүн жагссан гэсэн тоо өгсөн байна.

Сөүл хотод 25 мянган цагдаа хамгаалалтанд гарсан ба одоогоор хүч хэрэглэх тохиолдол гараагүй байна.

Таван долоо хоногийн турш үргэлжилж байгаа эсэргүүцлийн жагсаал нь 1980-аад онд болж байсан ардчиллын хөдөлгөөнөөс хойш болж буй хамгийн том жагсаал хэмээн тус улсын түүхэнд бичигдэж байгаа юм.

Өнгөрсөн бямба гарагийн жагсаалд фермерүүд, лам нар, оюутан гээд нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс оролцож байв. “Би мэдээ үзэж байгаад бодсон л доо, иймэрхүү байдлаар үргэлжлээд байж болохгүй. Хүмүүс түүнийг буухыг шаардаж байхад тэр буухгүй л байна. Өнөөдөр бол миний оролцсон хоёр дахь удаагийн жагсаал харин манай нөхөр хүүхдүүдийн хувьд анхных нь” хэмээн жагсаалд оролцогч нэгэн эмэгтэй ярьсан байна.

Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн ард иргэдийн дундах рейтинг таван хувь хүртлээ буураад байгаа бөгөөд тэрээр хувийн харилцаандаа хэтэрхий их итгэл үзүүлснийхээ төлөө уучлалт хүсэн, хэргийг мөрдөж байгаа хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ зарласан.

south-korea

БНСУ-ын үндсэн хуулиар ерөнхийлөгчийг яллаж болохгүй харин хууль зөрчсөн хэргээр албан тушаалаас нь огцруулах боломжтой юм байна.  Прокурорын газар түүнийг тус хэрэгт шууд холбоотой хэмээн сэжигтнээр татсан учраас хууль зөрчсөн хэргээр түүнийг Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь буулгах боломжтой болж байгаа юм. Ерөнхийлөгчийн найз Чой Сун Силийг энэ сарын эхээр баривчилсан билээ. Түүнийг Өмнөд Солонгосын компаниудыг сүрдүүлэн их хэмжээний мөнгө авахыг завдсан, мөн хатагтай Пакийн нөхөрлөлийг ашиглан өөрийн удирддаг төрийн бус байгууллагадаа хандив цуглуулах хүсэлт гаргаж байсан гэх мэт хэргээр буруутгаж байгаа юм.

Мөн түүнчлэн ерөнхийлөгч Пак Гын Хэ бас нэг хэрэгт нэр холбогдоод байна. Прокурорын газар Чой Сун Силийн найз Ча Ун Тэкийг нэгэн зар сурталчилгааны агентлагийн хувьцааг хууль бусаар худалдаж авах гэж оролдсон хэмээн буруутгаж байгаа бөгөөд ерөнхийлөгч Пак Гын Хэ үүнд нь тусалж байсан нь илэрсэн юм.

Эх сурвалж: BBC