Б.Баярсайхан: Цаашид хандах ёстой газарт нь хандах болно

487

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй” гэсэн  үндэслэлээр Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн. Тэгвэл БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан энэ шийдвэртэй санал нэгдэхгүй байна.

“Цаашид хандах ёстой газарт нь хандах болно” хэмээн мэдэгджээ. Тэрбээр энэ талаар “Миний хувьд энэ шийдвэрийг сая л хэвлэлээс харлаа. Би одоо ч ажил дээрээ сууж байна. Надад энэ талаар Засгийн газраас холбогдож огт мэдээлэл өгөөгүй. Сайд Г.Чулуунбаатар өнөөдөр өдөр “Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ярилаа. Танай төрийн нарийн нарийн бичгийн даргатай хамтарч ажиллах боломжгүй гэсэн таагүй мэдээ өгч байна” гэж хэлэхэд нь гайхаад л өнгөрсөн. Гэхдээ энэ талаар хэн хэлснийг нь мэдээгүй, 26-тай утаснаас л ярьсан гэж хэлсэн.

Хэвлэлд гарсан мэдээллийг харвал,  Нэгдүгээрт Төрийн нарийн бичгийн дарга салбар удирддаггүй. Яам удирддаг.  Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд миний хувьд ажлынхаа 20 -30 хувийг л гүйцэтгэх боломж байв. Учир нь салбарын сайд асан Ж.Батсуурь Төрийн нарийн бичгийн даргын үүрэг бүхий ажлуудыг хийх боломжийг хавчиж өөрийн авчирсан газар, хэлтсийн дарга нарт хуваарилчихдаг байсан. Гэхдээ би яамаа сайн удирдсан.

Боловсролын яамны хийж байгаа ажил бүхний үр дүн хүүхдүүдэд л очих ёстой. Гэтэл үүний төлөө тэмцсэн намайг ийнхүү ажлаас чөлөөлж байх шиг байна. Төрийн ямар нэгэн тендер, худалдан авах ажиллагааг шударга, томилгоог чадварлаг болгох гэсэн зорилгын маань төлөө ийнхүү ажлаас чөлөөлж байна.

Миний хувьд хууль зөрчсөн ямар ч үйл ажиллагаа явуулаагүй учир нүүр бардам байна.

Боловсролын салбарт мөнгөгүйгээр ч зөвхөн зохион байгуулалтын чанартайгаар олон өөрчлөлт хийх боломжтой. Гэтэл энэ бүхнийг мөнгөний ашиг сонирхлоор харсан хэсэг хүний л явуулга боллоо.

Би цаашид хандах ёстой газарт нь хандах болно. Төрийн алба гэдэг хуультай. Тэгэхээр хуулийн дагуу л асуудлыг шийдэх ёстой” гэсэн байна.