Шинэ Ерөнхийлөгчийн томилгоонууд хэн байх вэ

819

Улс төрийн хүрээлэл дунд ойрын өдрүүдэд анхаарал татаж байгаа нь шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн хийх томилгоо болоод байна.  Тэрбээр тангараг өргөснийхээ дараа анхны зарлигаа гаргаж УИХ-ын дарга асан З.Энхболдыг Тамгын газрын даргаараа томилоод буй.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хэд хэдэн албан тушааалтныг томилох боломжтой. Гэхдээ ихэвчлэн УИХ-тай зөвшилцөх замаар. Тэгэхээр албан тушаалтны томилгоо нь  бас тийм ч бүрэн дүүрэн эрх бас биш гэсэн үг.

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн хувьд хамгийн түрүүнд багаа бүрдүүлж авах хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл Тамгын газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг.

Одоогоор Ерөнхийлөгчийн баг бүрэн албажаагүй байгаа тул энэ долоо хоногт зөвлөхүүдээ болоод ойр шадар ажиллах хүмүүсээ томилох болов уу гэсэн хүлээлт бий. Юуны түрүүнд зөвлөхүүдээ томилоно. Харин хэдэн зөвлөхтэй байх нь Ерөнхийлөгчийн өөрийн сонголт, нөгөө талаасаа  хуваарилагдсан төсөв дотроо багтаах учиртай.

Өмнөх  Еерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд долоон зөвлөхтэй ажиллаж байсан. Үүнд:Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх /Ч.Өнөрбаяр/, Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх /Л.Дашдорж/, Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх /Р.Болд/, Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх /А.Ганбаатар/,Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх /О.Чулуунбилэг/, Гадаад бодлогын зөвлөх /Л.Пүрэвсүрэн/, Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх /А.Баттөр/  гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэй зөвлөхийн баг ажиллаж байсан. Зөвлөхүүдээс хамгийн их үүрэг рольтой, ажлын ачаалал ихтэй нь өмнөх жишгээр бол Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх байсан. Ерөнхийлөгч хууль санаачлах эрх бүхий субъект бөгөөд Ц.Элбэгдоржийн хувьд өнгөрсөн жилүүдэд цөөнгүй хуулийг санаачилж өргөн барьсан. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг УИХ-д цээжээрээ хамгаалж, амилуулах үүрэг даалгавар хуулийн бодлогын зөвлөхөд ногддог гэсэн утгаараа энэ бол илүү чухал хүн. Хоёрдугаарт,  гадаад бодлогын зөвлөх бас бусдаас илүү хариуцлага,  улс орныхоо гадаад талд эзлэх орон зайг тодорхойлох холч ухаантай мэргэшсэн нэгэн байх учиртай. Энэ мэтчилэнгээр “чухалгүй” зөвлөх гэж үгүй. Тэд Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх түүчээ, хөдлөх хүч болох учиртай.

Харин шинэ Ерөнхийлөгчид хэн хэн зөвлөх, хэдэн зөвлөхтэй байх нь одоогоор таамаг хэвээр байна. Гэхдээ ойрын үед, тодруулбал энэ долоо хоногт гол гол томилгоонууд хийгдэнэ гэсэн хүлээлт байна. Н.Алтанхуяг,  Р.Амаржаргал нарын дадлага туршлагатай улстөрчид түүний эргэн тойронд бий.  Хоёулаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс. Тэд зөвлөхийн багт орж ажиллах бүрэн магадлалтай.

Одоогоор олны дунд яригдаж байгаагаас харвал гадаад бодлогын зөвлөхөөр БНХАУ-д элчин сайдаар ажиллаж байсан Ц.Сүхбаатарыг томилно гэсэн яриа байна. Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн нэр ч бас дуулдаж байна. Хэн хэн нь, ялангуяа Ц.Сүхбаатарын хувьд боломжтой нэр дэвшигч гэж байгаа. Түүний хувьд гадаад харилцааны салбарт мэргэшиж, туршлагажсан кадр яриангүй мөн. Түүнчлэн Ерөнхийлөгч хэвлэл мэдээлэл, олон нийтттэй харилцах албаны даргаар УИХ-ын ХМА-ны дарга байсан О.Батханд томилно гэсэн яриа бий.

Түүнчлэн ҮАБЗ-ийг толгойлдогийн хувьд  ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, Стратеги судлалын хүрээлэнгийн захирал нараа томилно.

Тав дахь Ерөнхийлөгч томилгоо хийхдээ сонгуулийн сурталчилгааны “ач хариулах” зарчмаар бус гол нь ажил хэргийн шалгуураар авч үзнэ гэсэн бодлого баримталж байгаа гэдгийг зарим эх сурвалж тодотгож буй.

Ерөнхийлөгч гэдэг албан тушаалтан баг, бүрэлдэхүүнээсээ гадна хуулиараа ямар ямар албан тушаалтныг томилох, санал болгох эрх мэдэлтэй вэ гэдгийг тодруулж харъя.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд:

-Бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу томилно.

-Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг томилох тухай саналаа Улсын Их Хуралд оруулна. Улсын Их Хурал уг саналыг татгалзсан бол өөр хүнийг санал болгоно.

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө.

-Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна. Энэ хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг Улсын Их Хуралтай зөвшилцөж томилно” гэсэн заалт бий. Түүнчлэн АТГ-ын дарга, Тагнуулын Ерөнхий газар гэхчлэн хууль хүчний байгууллагын дарга нарыг томилоход тодорхой эрх мэдэлтэй оролцдог нь тодорхой. Өөрөөр хэлбэл УИХ-тай зөвшилцөж.

Ерөнхийлөгчийн өөр нэг эрхийг хуулинд  “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна” хэмээн заажээ.

Тэгэхээр хуулийн энэ хүрээнд Ерөнхийлөгчийн томилгоо цааш үргэлжлэх нь тодорхой. Харин хэн хэн байх вэ гэдэг нь удахгүй тодорхой болох биз ээ.

М.Нэргүй