Чехийн нутгийн баруун хэсэгт, Богемийн хотгорын төвд Европын хамгийн үзэсгэлэнт хотуудын нэг “Алтан Праг” оршино. Ногоон толгодоор хүрээлэгдсэн эл хотын дундуур Влтав гол мурилзан урсдаг. 1.2 сая хүнтэй Праг хот улсынхаа улс төр, соёлын төдийгүй аж үйлдвэрийн гол төв нь. Энэ утгаараа улс орныхоо эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Праг хот XIV зуун гэхэд Европын соёл, худалдаа, арилжааны тэргүүлэх хотуудын нэг болон дэвжиж, улмаар 1918 онд Австри-Унгарын эзэнт улсаас тусгаарлан байгуулагдсан Чехословак улсын нийслэл болж төвхнөжээ.
Тус хот дэлхийн хоёрдугаар дайны хөлд бараг сүйдээгүй тул урлаг, соёлын шилээвэр дурсгалууд нь өнөөгийн бидний үе хүртэл энд үлдэж хоцорчээ. Хотын ихэнх хэсгийг эзлэх Хуучин болон Шинэ хот Влтав голын зүүн биед байрлана. Хотын эл хэсэг Прагийн шилтгээг тойрсон Градчаны болон Бага дүүрэгтэй олон тооны гүүрээр холбогдоно.
Прагийн хуучин хотын тойргийн төв талбайд нь урьдын цагт зах байрлаж, мөн элдэв уралдаан тэмцээн, цаазаар авах ёслол болдог байжээ. Энэ газрыг Хуучин хотын тойрог хэмээн нэрлээд заншжээ. Энэ талбай дээр 1915 онд шашны шинэчлэгч үзэлтэн Ян Густ зориулсан сүрлэг том хөшөө босгосон байдаг. Одоо цагт уг талбай төрөл бүрийн соёл, урлагийн арга хэмжээ явагдаж, гудамжны жүжигчид урын сангаа сонирхуулдаг хөл хөгжөөн ихтэй газар болон хувирсан байна.
Өөр нэг талбайг сонирхуулъя. Энэ бол Вацлавын талбай. Энэхүү талбайн хоёр талаар нь зочид буудал, зоогийн газар, кафе, дэлгүүрүүд эгнэсэн цэцэрлэгт өргөн чөлөө угтана. Өргөн чөлөөний үзүүрт байрлах Үндэсний музейн гол хаалганы өмнө Гэгээн Вацлавын морьтой хөшөө дүнхийнэ. “Гэгээн Вацлав” 1968 онд Зөвлөлтийн танкууд “Прагийн хавар”-ыг дарахаар талбайд орж ирэхийг “харсан” юм. Чехийн ард түмэн 1989 онд мөн хөшөөний дэргэд цугларч, коммунист дэглэмийг халж, ардчиллын замыг сонгосноо дэлхий нийтэд эндээс зарлан тунхаглажээ. Түүхийн чухал үйл явдал энэ талбайд өрнөж байжээ. Үүний гэрч болсон Вацлавын талбайг зорих жуулчдын цуваа үл тасарна.
“Алтан хот” түүх дурсгалын барилга, байгууламж ихтэй. Түүний нэг нь Карлын гүүр. Та өмнө нь энэ гүүрний талаар сонсож байсан уу. Влтав голын хоёр эрэгт орших хотын дүүргүүд хоорондоо олон гүүрээр холбогдоно. Эдгээрээс хамгийн эртний бөгөөд гоёмсог нь Карлын гүүр. Түүхийн хуудсыг эргүүлье. 1357 онд IV Карл хааны бариулсан уг байгууламж түүгээр овоглон үлджээ. Гүүрний урт нь 520 метр бол өргөн нь 10 метр. 16 тулгуур баганатай эл гүүрний хоёр талаар 1621-1938 оны хооронд Богемын урчуудын урласан 30 гэгээтний баримал таныг энд угтах болно.
Түүх, соёлын энэхүү өнө эртний дурсгал нь “Алтан Праг”-ийн нэрийн хуудас юм. Хотын алдартай дүүргүүдийн нэг нь Мала Страна. Уг дүүргийн шавыг 1257 онд тавьжээ. Бас л эртнээс улбаатай байгаа биз. Хожим нь энд чинээлэг язгууртнууд ирж суурьших болсон байна. Градчаны болон Петриний толгодоос уруудвал үелээ дэвсэгт цэцэрлэгүүдийн дундуур гарч, Валленштейний ордон зэрэг сүр жавхлант орд харшуудын хажуугаар та өнгөрнө. Хотоор зугаалахад газрын зураг заавал аваарай. Жуулчны цаг хугацаа, зардал, мөнгийг хэмнэсэн хотын газрын зураг үйлчилгээнд төвд том, жижиг янз бүрийн хэмжээтэй байгаа.
Лорето сүмийн тухай энд товч өгүүлье. 1626-1750 онд Ариун Мариад зориулан Италийн Лорето дахь Каса Санта сүмийн загвараар баригдсан эл сүм Градчаныгаас төдий л холгүй оршдог юм. Барилгын нүүрэн талын загварыг архитектор Килиан И.Динценхофер гаргаж, засал чимэглэлийнх нь ажилд мөн итали урчууд оролцжээ. Сүм хонхот кариллон болон 6000 алмааз эрдэнэ оруулсан Прагийн нар хэмээх алдарт монстранциараа алдартай. Прагийн алдарт хоёр бэлгэ тэмдэг Градчаны шилтгээн болон сүр жавхлант Гэгээн Витийн цогчин дуган хотын өндөрлөг газар байрладаг юм. Эдгээр нь түүхийн агаад соёлын ховор нандин дурсгалт өв. Градчаны бол Чехийн Ерөнхийлөгчийн албан ёсны өргөө юм. Харин Гэгээн Витийн цогчин дуган дотор Герман болон Богемийн хаадын шарил хадгалагдаж байдаг.