Монголд улс төр судлалын чиглэлээр даацтай бичдэг, зоригтой анализ, дүн шинжилгээ хийдэг гэдгээрээ танигдсан судлаач Дашзэвэгийн Ганхуягийн бүтээлүүд ном болон гарчээ. Энэ ном нь судлаачийн сүүлийн жилүүдэд хийсэн нийгэм-түүхийн онол, улс төр-эдийн засаг, нийгмийн үйл явцад хийсэн системийн шинжилгээг багтаасан гурван том цуврал бүтээл аж. Тэгвэл улстөрчдийн талаарх нотой, ноцтой бүхнийг дэлгэсэн энэхүү бүтээлийг нэгэн улстөрч эрхэм ивээн тэтгэсэн нь тун сонирхолтой мэдээ болж байна.
Судлаач Д.Ганхуяг энэ талаар “Тэр санал тавихдаа ямар ч болзол тавихгүй гэж амалсан учраас ивээн тэтгэхийг нь баяртай зөвшөөрсөн” гэж бичжээ.
Хэрвээ хэн нэгэн тодорхой зорилго, болзолтойгоор номыг нь ивээн тэтгэе гэсэн бол Х.Ганхуяг хүлээж авахгүй байжээ. Тэгвэл Д.Ганхуягаар өөрийгөө магтаж бичүүлсний төлөө биш, цаашид өөрийг нь муулахгүй байгаарай гэсэн зорилго агуулж ч биш, харин ямар ч болзолгүй ивээн тэтгэсэн тэр эрхэм хэн бэ.
Тэр хүн бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гэнэ. Ингэснээрээ тэр Монголын улс төр болоод хэвлэн нийтлэх эрх чөлөөнд нэгэн шинэ хандлага, жишгийг бий болголоо гэхэд хилсдэхгүй. Учир нь улстөрчид ямар тохиолдолд сэтгүүлч болоод нийтлэлчдийг ивээн тэтгэж ирсэн бэ гэдгийн хариулт нь тодорхой болзолтой явж ирсэн нь нууц биш. Хаалтын гэрээ хийх, эсвэл өөрийгөө магтуулах, дэмжүүлэх гэсэн зорилго агуулдгийг хэн хүнгүй мэднэ. Зүй нь улстөрчид нийгмийн болохгүй бүтэхгүй байгаа бүхнийг уудлан илчилсэн, улстөрчдийн хуйвалдаан, бохир улс төрийг ил тод болгосон, нийгмийн идээ бээрийг шахаж гаргахын төлөө явах учиртай. Гэвч харамсалтай нь, эсрэгээрээ буюу өөрийн муу муухай болоод хуйвалдаан, улс төрөө нуухын төлөө мөнгө төлдөг.
Харин Ж.Энхбаярын хувьд өөр харизмтай улстөрч гэдгээ ийнхүү харууллаа.
Үүгээрээ Ж.Энхбаяр гишүүн судлаач Д.Ганхуягийн үзэл бодлыг дэмжиж байна гэхээсээ илүүтэй улс төр дэх бохир хуйвалдаан, далд хир буртагтай тэмцэж байгаа гэж харагдаж байна. Юу гэвэл, нэрнээсээ эхлээд л анхаарал татах “Монголчуудын Та нар юу юм”, “Шинжлэх ухаан наашаа, луйварчид цаашаа”, “Монгол Улс том уу, жижиг үү” зэрэг Д.Ганхуягийн цуврал бүтээлүүдэд Монголын улс төрийн хамгийн ноцтой баримтууд, хөшигний ард дахь нууцууд, далд тохиролцоо, хуйвалдаан, эрх ашгийн зөрчил нэгдлүүдийн талаар ил шулуун, тод томруун өгүүлсэн өгүүлэл, нийтлэлүүд багтсан ажээ.
Д.Ирээдүй
Breakingnews.mn