Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.01.25-ний 11.00 цагийн байдлаар танилцууллаа. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 7065 хүнд шинжилгээ хийхэд 16 хүний сорьцод коронавирус илэрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд Нийслэлд гарсан нийт тохиолдлын тоо 814 боллоо.
-16 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлуудын давтан шинжилгээ болон БЗД-ийн 2 дугаар хорооны 4, 5, 8 дугаар хэсгийн голомтод бүртгэгдсэн өвчлөлүүд байна.
-ЭМЯ-ны нэг ажилтан халдварт өртсөн. Тиймээс ЭМЯ-ны нийт 128 ажилтныг шинжилгээнд хамруулсан. Урьдчилсан байдлаар шинжилгээний хариунд халдвар илрээгүй байна. Үүнтэй холбогдуулан 5 хүнийг ажиглан тусгаарлах байранд, 28 хүнийг гэрийн ажиглалтад байлгаж байгаа.
Одоогийн байдлаар БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны халдвар, БЗД-ийн 2 дугаар хорооны 4, 5 дугаар хэсгийн голомт идэвхтэй байгаа. БЗД-ийн 2 дугаар хорооны голомтод нийт 11 хүн өвчилсөн. Тус голомтын тандалтыг хийх явцад бусад дүүрэгт оршин суудаг иргэд халдварт өртсөн тохиолдлууд байгаа.
Сүүлийн хоёр өдөрт орон нутаг руу явахаар сайн дураар шинжилгээ өгсөн иргэдээс нэг хүнд коронавирус илэрсэн. Тандалтын явцад тухайн хүн батлагдсан тохиолдлын хавьтал болохыг тогтоосон.
Сүүлийн 24 цагийн хугацаагд аймгуудад халдвар бүртгэгдээгүй байна. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн тоо 1140 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд цэргийн төв эмнэлэгээс 10, ХӨСҮТ-өөс 15 хүн Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг рүү шилжсэн байна. Тус 300 ортой эмнэлгээс 20 хүн эмчлэгдэж гэртээ гарсан. Нийт батлагдсан тохиолдол 1627 үүнээс эдгэрсэн 1169 буюу 71.1 хувь нь эдгэрсэн байна.
Нийт 461 тохиолдол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрээс биеийн байдал маш хүнд нэг, хүнд 4, хүндэвтэр 44, хөнгөн 412 эмчлүүлж байна.