Э.Урангоо: Өөрийгөө гололгүйгээр хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөөрэй

1704

Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа олон улсын хэмжээний “Face of beauty International 2016” гоо бүсгүйн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа үндэсний ялагч Э.Урангоотой ярилцсан юм.

Тэрбээр урлаг спортод сонирхолтой, зүгээр сууж чаддаггүй, үргэлж өөрийгөө хөгжүүлж, завгүй суухыг эрмэлздэг, дуулдаг, бүжиглэдэг гээд тал талын авьяас ур чадвартай. Мөн спортод сонирхолтой, шатрын тэмцээнд багагүй амжилт гаргаж байсан юм билээ.

Болзсон газраа Э.Урангоо биднийг инээмсэглэн угтлаа. Тэмцээний бэлтгэл гээд хором мөч бүхэн үнэтэй, тун завгүй гүйж байгаагаа учирласан юм.

urangoo4-143254-1287853842

-Юуны өмнө үндэсний ялагч болсонд баяр хүргэе! Энэ тэмцээний оролцогч болохын тулд ямар шалгуураар та өөрийгөө тэнцсэн гэж бодож байна вэ?
-Баярлалаа. Энэ жилийн тэмцээн “Мазаалайгаа аваръя” гэсэн уриатай. Тиймээс 11 жил цагаан хоол идсэн маань тэмцээний оролцогч болоход гол нөлөө үзүүлсэн болов уу гэж бодож байна.

Мөн амьтныг хайрладаг, байгальд тустай арга хэмжээнүүд зохион байгуулж байсантай минь холбоотой байх. Үүнээс гадна урлагийн хүн, спортлог зэрэг олон зүйлс харсан гэж зохион байгуулагчид хэлж байсан. Би киноны зураг авалттай байсан учир хангалттай бэлтгэл хийж амжилгүй орж байна.

-Өсөж төрсөн гэр бүл таны хэн болоход гол нөлөөг үзүүлдэг гэдэг. Урангоогийн гэр бүлийг сонирхож болох уу?
-Би айлын бага охин, дээрээ нэг эгчтэй. Аав ээжийн хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг. Ээж минь гоо сайханч, аав минь урлагийн хүн. Би урлагийн гэр бүлд өсч хүмүүжсэн гэж болно. Миний аав “Варьете чуулга”-д дуучин жүжигчнээр ажиллаж байсан. Үндсэн мэргэжил нь зураач, барималч. Ааваасаа зурах, баримал хийхийг сурч байлаа. Аавтайгаа их ойр, дотно өссөн.

Би амьтдыг их хайрладаг. Тэгээд нэг л өдөр цагаан хоолтон болъё гэж шийдээд аавтайгаа хамт цагаан хоолтон болж байлаа. Тэр талаар яривал их урт түүх болно. Ямар ч байсан мах идэхгүй байх шийдвэр гаргасан.

-Кино зураг авалт нь саяхан дууссан гэлээ. Өмнө нь та “Мартагдашгүй намар” кинонд тоглож байсан санагдана?
-Энэ миний тоглосон тав дахь кино. 2008 онд анх “Би” гэж кинонд тоглосон. Хэдий олонд хүрч чадаагүй ч, кино урлаг талаасаа миний хамгийн анхны гараа байсан. 2011 онд “Мартагдашгүй намар” кинонд тоглож байлаа. Дараа нь найруулагч А.Чингүүний “The call”  аймшгийн кино, мөн МҮОНТ-ээр гарсан “Нарны жим” олон ангит кинонд дүр бүтээсэн. Энэ жил “Рекэт” гэдэг нэртэй кинон дээр ажиллалаа. Жүжигчний мэргэжил эзэмшээгүй хэрнээ практик дээр суралцаад л явж байна.

“Рекэт” киноны зураг авалт саяхан дууссан. Гол дүрийн таван эмэгтэйн нэгэнд би тоглосон юм. Хөгжилтэй, адал явдалтай, их сонирхолтой, үзүүштэй бүтээл болсон болов уу. Уг нь дуугаараа дагная гэж бодож байтал гоё зохиолтой киноны санал ирсэн. Тэгээд л зөвшөөрчихсөн.

-Киноны дүрийнхээ талаар тодорхой ярихгүй юу. Өөрөөс тань ямар чадвар шаардсан бэ?
-Жинхэнэ Урангоогоос огт өөр дүр. Нэлээн хурц ширүүн, найзуудынхаа манлайлагч, рок стильтэй бүсгүй. Ямар сайндаа хөдөлгөөн нь болж өгөхгүй байсан. “Түс тас” гэсэн хөдөлгөөнийг гаргах гэж их зовсон шүү. Рок дуу сонсож, хувцаслалт стилээ тэр чигтээ рок болгож хүртэл үзсэн. Ер нь их ажиллаж байж дүрээ гаргасан даа. Эхэндээ хэцүү байсан ч сүүлдээ сайжирсан гэж найруулагч маань хүртэл хэлнэ лээ. Манай кино аравдугаар сарын дундуур нээлтээ хийнэ.

-Таны үндсэн мэргэжил юу вэ?
-Би маркетингийн менежмент чиглэлээр “Сити” дээд сургууль төгссөн. Мөн энэ хавар “СУИС”-ийг мэргэжлийн дуучнаар төгсөнө.

Өнгөрсөн жил JMUB гээд Монголд зохион байгуулсан Германы жазз төсөлд хамрагдаад суралцсан. Монголын шилдэг уран бүтээлчид энэ төсөлд хамрагдсан юм. Энэ сургалтаар дуу хөгжим, тэр дундаа жазз хөгжмийн талаар хичээлүүд орсон. Бүтэн нэг жил суралцаж амжилттай төгслөө.

-Цаашдаа дуугаараа голчлон уран бүтээл хийнэ гэлээ. Өөрийн тань уран  бүтээл хэзээ олон нийтэд хүрэх вэ?
-Нийтэд цацагдсан нь “Мартагдашгүй намар” киноны гурван дуу бий. Нэгийг нь ганцаараа дуулсан. Хоёр нь дуучидтай хамт дуулсан дуу байдаг.  Бас хөлбөмбөгийн тухай хамтарсан дуу бий. Шинээр бие даасан дуу гаргаж, клипжүүлсэн. Гэхдээ хараахан цацаагүй байна. Хувийн уран бүтээлээ өндөр түвшинд, чанартай хийхийг зорьж байна.

-Та хүүхэд насныхаа талаар ярихгүй юу. Бага байхдаа ямар хүүхэд байсан, юу хүсэж мөрөөддөг байсан бэ?
-Хүүхэд байхдаа хөдөлгөөнтэй, идэвхтэй, найзуудаа уриалдаг хүүхэд байсан. Юм юманд сонирхолтой, спортоор хичээллэдэг байлаа. Мөн оюунлаг хүүхэд байсан. Аав ээжээсээ амаргүй асуулт их асууна. Эрдэмтдийн тухай ном унших дуртай, тэрэндээ автаад орчихдог байлаа. Дээрээс нь гэртээ янз бүрийн амьтан тэжээдэг, амьтанд хайртай, байгальд хайртай хүүхэд байсан.

-Өөрийгөө боловсруулах тал дээр хэрхэн анхаардаг вэ?
-Гадаадад өндөр боловсрол эзэмшээгүй ч өөрийгөө алхам тутамдаа хөгжүүлэхийг эрмэлздэг. 2008 онд аавтайгаа хамтраад телевизийн суваг нээж хоёр жил ажиллуулсан. Тэнд цэвэрлэгчээс эхлээд бүхнийг өөрөө хийдэг байсан. Дараа нь аэробекийн багшаар ажиллаж байхдаа биеэ хэрхэн авч явах гэх мэт амьдралд хэрэгтэй зүйл олныг мэдэж авсан.

Дараа нь UBS телевизэд хөтлөгч сэтгүүлчээр ажиллаж, хамт олноосоо их зүйл суралцсан. Одоо бакалаврын хоёр дипломтой болж байна. Гэхдээ хүнд диплом тийм ч чухал биш. Амьдралын ухаантай байхад чухал гэж боддог. Би зүгээр сууж чаддаггүй юм. Байнга л ямарваа нэг зүйл бүтээхийг эрмэлздэг.

-Монголд зохион байгуулж байгаа тэмцээн учраас Монголоо төлөөлөн оролцож байгаагийн хувьд олон орны мисст эх орноо хэрхэн сурталчлан таниулах вэ?
-Агаар, тал нутаг гээд л эх орон минь бүх зүйлээрээ өвөрмөц шүү дээ. Оролцогчдын ихэнх нь Монголд ирж үзээгүй учир тэр болгоныг танилцуулж, тэдэнд нөхөрсөг хандаж, ёс заншил, ан амьтад зэргийн онцлогийг танилцуулаад явж байна.

-Загвар өмсөж байв уу?    
-Хүүхэд байхдаа “Эра” төвд явдаг байсан ч загвар өмсөгчөөр ажиллаагүй. Нэг удаа загварын шоунд орохдоо бусад моделиуд загвараа үзүүлээд алхаж байхад би урд нь гараад инээд алдаад л алхаж байснаа санадаг юм. Тэгээд над шиг ингэж инээдэг загвар өмсөгч байдаг болов уу гээд өөрийгөө шоолж билээ /инээв/. Ерөнхийдөө алхаа гишгээ, ямар зогсолттой байдаг гэх мэт суурь мэдлэгийг авч байсан. Тэрнээс хойш загвар өмсөөгүй.

-Цаашдын зорилго, хүсэл тэмүүллийнхээ талаар ярихгүй юу. Урлагаараа явах уу?
-Цаашид өөрийн гэсэн жижиг бизнес өргөжүүлнэ. Амьдралын баталгаатай болж, урлаг тал руугаа олон зүйл хийх төлөвлөгөөтэй байна. Би зурах, баримал барих сонирхолтой. Мөн хувцасны дизайн гаргах дуртай. Өөртөө хувцас хийгээд өмсчихдөг юм. Гэхдээ энэ бол миний цэвэр хобби.

Би цаашид дуучин болох замналаар явъя гэж бодож байна. Мөн өөрөө дууныхаа үг аяыг зохиохыг мөрөөддөг.

urangoo2-103603-1986806277

-Бусад оролцогчидтой харьцуулбал өөрийгөө ямар давуу талтай гэж бодож байна вэ?
-Урлагийн гэр бүлд өссөн учраас урлаг талаасаа, дээр нь мэдрэмж талаасаа илүү болов уу гэж бодож байна. Мэдрэмж гэдэг үгний цаана хүнтэй яаж харьцах, аливаа асуудлын арга эвийг олох гээд маш олон утга бий. Гол нь урлагийн хүн талаасаа арай өөр байх болов уу. Түүнээс биш гоо үзэсгэлэн бусад талаараа надаас илүү олон бүсгүй бий.

-Бусдын шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Би багадаа нэлээн бардам байлаа. Одоо бол бүх талын шүүмжийг хүлээж авдаг болсон. Шүүмжлүүлчихээд тэр чигтээ нурдаг, өөрийгөө голдог хүмүүс байдаг. Шүүмжлэлээс авахыг нь аваад, хаяхыг нь хаях хэрэгтэй. Аливаа юм туйлшрахаараа бурууддаг. Гэхдээ би өөрийн хүндэлдэггүй эсвэл биеэ зөв авч явдаггүй хүнээс шүүмжлэл сонсох дургүй. Харин ухаантай, мундаг багш нараасаа шүүмжлэл сонсох дуртай.

Мөн би нээлттэй, аливаа юманд туйлшрахгүй, ойлгомжтой байх хэрэгтэй гэж боддог. Нэг юм дотроо бодчихоод нуугаад явдаг хүмүүс байдаг.  Нээлттэй, илэн далангүй байдал нь өөрт болон бусдад амар байдаг.

-Урангоо найз залуутай юу?
-Найз залуутай.

-Эр хүний  ямар зан чанарыг хүндэлж явдаг вэ?
-Оросоор мужик гэж хэлдэг бил үү. Ер нь эрэгтэй хүн мужик, эр хүн шиг байхад болно доо. Тэрний цаана олон утга байгаа. Эмэгтэй хүний хажууд яг эр хүн шиг байж чаддаг байх хэрэгтэй.

-Гоо бүсгүйн тэмцээн бол нөгөө талаасаа нийгмийн сайн сайхны элч байх ёстой гэдэг. Таны хувьд нийгэмд тустай зүйл хийж байв уу?
-Би гурван жилийн турш залуучуудын дунд архи тамхигүй шоу зохион байгуулж байсан. Согтоогүй үедээ ч хүмүүс гоё бүжиглэж болдог гэдгийг залуучууддаа харуулахыг хүссэн юм. Тухайн үед маш олон хамтлаг дуучид ч нэгдэж байсан.

Сүүлд Сирийн дүрвэгчдэд зориулсан хандивын тоглолтонд зохион байгуулагчаар оролцлоо. Би ер нь л хандивын тоглолтонд оролцдог. Мөн байгаль дэлхийд ээлтэй зүйл хийх сонирхолтой. Аавтайгаа хамт нээж байсан телевиз минь хүртэл тэр хандлага руу чиглэж байсан. Хүн ер нь аливаа юмыг зориглоод эхлүүлвэл бүтэхгүй зүйл гэж байдаггүй.

14466945_1424030810947299_1165823227_o

-Та хэр тэвчээртэй хүн бэ?
-Ажил явуулах гэхээр саад болдог зүйл их байна. Хэтэрхий их тэвчээд байхаар хүмүүс “чи ямар тайван юм” гэдэг. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө дуртай юмаа хийгээд явж байхад юуг ч тэвчиж чадна. Өвдөх, нойргүй байх зэргийг ч үл тоодог.

-Миссийн тэмцээнд оролцож байгаагийн тань хувьд таныг гоо сайхандаа хэрхэн анхаардаг талаар сонирхож болох уу?
-Гоо сайхандаа үнэтэй бүтээгдэхүүн хэрэглээд байдаггүй. Хааяа байгалийн гаралтай маск тавиад, энгийн өдрүүдэд нүүрээ буддаггүй. Шаардлагатай үед л буддаг. Хүний тархины булчин амар амгалан байхад нүүрний арьс нь сайхан байдаг гэж боддог. Дасгал хөдөлгөөн хийж, сэтгэлээ амар амгалан байлгах хэрэгтэй. Нүүрээ заримдаа мөсөөр арчиж маск тавьдаг даа.

-Түрүүн яриан дундаа аэробекийн багш байсан гэсэн?
-Хоёр жил аэробекийн багшаар ажилласан. Тэр хугацаанд хүн хөдөлмөрлөж, хөлсөө гаргавал үр шимийг нь заавал хүртдэг гэдгийг ойлгосон. Дасгал хөдөлгөөн хүнд их хэрэгтэй гэдгийг мэдэрсэн тул одоо ч аеробекээр хичээллэдэг. Өөрөө өөрийнхөө багш болоод явж байна.

Эмэгтэйчүүд минь өөрийнхөө төлөө хөдөлмөрлөж чаддаг байгаасай гэж хүсдэг юм. Дасгал хөдөлгөөнөөс гадна хооллолт, амралт зэргээ зохицуулж чадвал эмэгтэй хүн гоо сайхан байж чадна.

-Залуучуудад юу гэж зөвлөмөөр байна?
-Залуу нас бол хамгийн үнэтэй зүйл. Хүн залуу байхдаа том хүсэл мөрөөдөлтэй байдаг шүү дээ. Залуу насандаа их зүйл хүсэж мөрөөдөөд өөрийгөө гололгүйгээр тэрнийхээ төлөө зоригтой алхмуудыг хийж хөдөлмөрлөх хэрэгтэй гэж бодож байна. Залуу насанд их унтлаа гээд сайжирсан юм байдаггүй. Эртэч, мөн цагийн зөв менежменттэй байхад бүх юм болоод явчихдаг. Өөрийгөө битгий голоорой. Чаддаг юмаа хийгээрэй гэж хэлмээр байна.

-Баярлалаа. Тэмцээнд нь амжилт хүсье

14555540_1796562480599623_1937942613_n