Си Зиньпин ОХУ дахь айлчлалынхаа үеэр 10 тэрбум ам. долларын хэлэлцээр хийхээр төлөвлөжээ

331

БНХАУ-ын Төрийн тэргүүн Си Зиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгын дагуу албан ёсны айлчлалаар Москва хотноо хүрэлцэн иржээ. Хятадын Ерөнхийлөгчийн онгоц Москва хотын Внуково нисэх онгоцны буудалд даваа гарагт буусан байна.

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпинийг ОХУ-ын Гадаад хэргийн яамны орлогч сайд Игорь Моргулов, ОХУ-аас Хятадад суугаа элчин сайд Андрей Денисов болон БНХАУ-аас ОХУ-д суугаа элчин сайд Ли Хуэй нар угтан авчээ.

Хятадын Төрийн тэргүүнийг хүндэтгэн Оросын Преображенскийн цэргийн ангийн хүндэт харуул жагссан байсан ба цэргийн найрал хөгжим БНХАУ болон ОХУ-ын төрийн дууллыг эгшиглүүлсэн байна.

Албан ёсны айлчлалын үеэр ОХУ болон БНХАУ олон асуудал дээр зөвшилцөлд хүрнэ гэдэгт Си Зиньпин итгэлтэй байгаагаа дурджээ. Тэрээр, “Хоёр талын олон талт харилцаа мөн олон улсад болон бүс нутагт болж буй голлох үйл явдлын талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй үр өгөөжтэй санал солилцоно гэж бодож байна. Бид зөвшилцөлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагийн айлчлал маш үр өгөөжтэй байж, Хятад-Оросын харилцаа, хамтын үйл ажиллагааг тогтвортой хөгжлийн замд хөтөлнө гэдэгт бат итгэлтэй байна.” хэмээн онцолжээ.

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпиний хувьд энэ удаагийн айлчлал ОХУ-д хийж буй зургаа дахь айлчлал юм.

Өнөөдөр тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах ба талууд Орос- Хятадын харилцаа, стратегийн хамтын ажиллагааны талаар мөн олон улсад болон бүс нутагт тулгараад буй асуудлуудын талаар ярилцах аж. Оросын Төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдээлж байгаагаар хоёр улсын удирдагчид Хятад болон Оросын олон нийтийн, бизнесийн болон хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөсөн гэнэ

Түүнчлэн Си Зиньпин ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулзах аж. Уулзалтын үеэр талууд худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, үйлдвэр үйлчилгээ, дэд бүтэц болон хөдөө аж ахуйн салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааны талаар ярилцах гэнэ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын туслах Ли Хуэйлай айлчлалын өмнө хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр айлчлалын явцад талууд нийт 10 тэрбум ам. долларын гэрээ хэлэлцээрүүд хийхээр төлөвлөсөн талаар мэдэгдэж байсан юм.