Бээжинд агаарын бохирдол бууруулахад цагдаагийн тусгай хүч тусална

782

Агаарын бохирдол нь Бээжин хотын хувьд хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Утаагаа багасгахын тулд Бээжин хотын удирдлагууд байгаль орчинг хянах  цагдаагийн тусгай ангийг шинээр нээсэн байна.

Бээжин хотын агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэнтэй холбоотойгоор хотын дарга Цай Чигийн удирдлага хатуу түлш (нүүрс) ашиглах асуудлыг хязгаарлаад байгаа юм.

Синьхуа агентлагийн мэдээлснээр өнгөрсөн бямба гарагт болсон уулзалтан дээр Бээжин хотын дарга Цай Чи энэ онд хотынхоо 16 дүүргийн агаарын чанарыг  сайжруулах тал дээр хатуу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн байна.

Шинээр бий болсон цагдаагийн анги нь байгууллага болон иргэдийн үйл ажиллагаанд  хяналт тавихын сацуу ил гал дээр барбекью бэлтгэх, хог болон амьтны цогцос  шатаах зэрэг урьд өмнө эрх баригчдын тэр бүр анхаарч байгаагүй асуудлуудад мөн  хяналт тавих аж.

Утаанаас болж Хятадын 24 хотод онцгой байдлын улаан түвшин зарлаад байгаа юм.  Улаан түвшин  гэдэг нь Хятадын агаарын бохирдлын  түвшинг тогтоох системээр хамгийн их бохирдолтой байгааг илтгэх үзүүлэлт юм. Улаан түвшин зарлагдсан үед орон нутгийн удирдлагууд үйлдвэр үйлчилгээний газруудыг хааж, агаарыг ихээр бохирдуулдаг тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Хятадын засгийн газар агаарын бохирдлыг бууруулахыг хичээж байгаа ч  засгийн газрын шаардлагыг биелүүлэх тал дээр алдаа дутагдал их байгаа юм.

Одоогийн байдлаар Хятадын Байгаль орчин хамгааллын яам зөрчил гаргасан Хятадын 500 гаруй компани болон тээврийн хэрэгсэл эзэмшигч 10 000 орчим иргэнд шийтгэл ноогдуулаад байна.

Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг зөрчсөн албаны 2682 хүмүүст хариуцлага тооцож, нийт $35 сая ам. долларын торгууль ноогдуулсан талаар Синьхуа агентлаг мэдээлсэн юм.

Бээжин дэх АНУ-ын элчин сайдын яамнаас мэдээлснээр сүүлд Бээжин хотыг нөмөрсөн утаа долоон хоногийн турш хотын агаарыг бохирдуулж, агаарын чанарын үзүүлэлтээр “хүний эрүүл мэндэд хортой” түвшинд хүрчээ.

 Эх сурвалж: www.bbc.com