Ирэх дөрөвдүгээр сард Туркэд бүх нийтийн санал асуулга болж ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганы байр суурийг бэхжүүлэх гэж байгаа. Энэ санал асуулгад хилийн чанадад амьдардаг Турк иргэдийг оролцуулах гэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Анкарагийн Европын орнууд дахь иргэддээ хандан хийх суртал ухуулгын ажил нь бүтэлгүйтсээр байна. Турк улс Герман дахь иргэддээ хандсан арга хэмжээ зохион байгуулахаар сайд нараа илгээсэн боловч Берлин хүлээж аваагүй юм.
Тэгвэл Нидерландын Роттердам хотод болох арга хэмжээнд Туркийн засгийн газрын төлөөлөгчдийг оролцуулахаас татгалзсан нь Турк-Нидерландын харилцааг эрс муутгалаа.
Ням гарагт Туркийн талаас мэдэгдэл хийж, Нидерландын хоригийн хариуд хамгийн хатуу арга хэмжээ авахаа илэрхийлжээ.
Нидерландын эрх баригчид Туркийн дотоодын улс төрийн хямрал тус улсад суудаг турк хүмүүсийг талцуулж, тогтворгүй байдал үүсгэнэ гэж болгоомжилж байгаа юм.
Туркийн ерөнхийлөгч Эрдоган Европын орнуудын эсэргүүцлийн дараа хэлэхдээ “Баруун Европт Нацизм хүчтэй хэвээр байна” гэжээ.
Бямба гарагт Туркийн гадаад хэргийн сайд Мэвлут Чавушоглуг Роттердамд ирэхийг хориглосон бол өөр нэг сайд Фатма Бэтул Саян Кайаг Роттердам дахь Туркийн консульд нэвтрүүлэхээс татгалзаж, Герман руу буцаасан байна.
Роттердамын консулийн гадна олон турк хүмүүс цугларч Нидерландын эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцсэн тул цагдаа нар усан буу, нохой зэргийг ашиглан хүч хэрэглэн тараажээ.
Эрдоган энэ явдлын дараа үг хэлэхдээ “Би Нацизмийг сөнөсөн гэж бодож байсан нь худлаа боллоо. Өрнөдөд Нацизм байсаар байгаа юм байна” гэсэн байна.
Нидерландын ерөнхий сайд Марк Рутте хоёр орны харилцааг сайжруулахын тулд чадах бүхнээ хийнэ гэсэн ч уучлал гуйхгүй гэсэн юм.
Үүнтэй холбоотойгоор Анкара дахь Нидерландын элчин сайдын яамны гадна эсэргүүцэгчид жагсаал хийн, элчингийн байр руу өндөг, чулуу шидсэн байна.
Эх сурвалж: Reuters