Ж.Эрдэнэбат: Төр ”Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-өө томилж, удирдлагын эрхээ хэрэгжүүлнэ

1060

olloo_mn_1467872175_da364549557242f007005b4a4377aa99

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр МҮЭ-ийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ эдийн засгаа сэргээх, хүндрэлийг давах нь иргэдээ ажилтай байлгахаас эхэлнэ гэдгийг онцолсон. Тодруулбал, тэрбээр иргэдийг ажлын байраар хангах, ажлын байрыг нь хадгалах замаар иргэдийнхээ мөнгөн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газар тодорхой бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тухайгаа танилцуулсан юм. Тухайлбал, “2017 онд цалин, тэтгэврийг нэмэх  бодит боломж байхгүй. Өнөөдөр Монгол Улс цалинд 1.7 их наяд, тэтгэвэрт 2 их наяд төгрөг зарцуулдаг. Гэтэл өр, зээлийн зөвхөн хүүгийн төлбөртөө 1.4 их наяд төгрөг төлдөг. Өөрөөр хэлбэл, бид бодлого, тооцоогүй авсан өр, зээлийнхээ зөвхөн хүүнд  бараг цалингийн сантайгаа тэнцэх мөнгө төлж байна. Тийм учраас Засгийн газар эхний ээлжинд өр, зээлийн өндөр хүүгийн дарамтаас гарах арга замыг эрэлхийлж байна. Удахгүй тодорхой шийдвэрүүд гаргана. Ажилчдынхаа орлогыг нэмэгдүүлэхэд нь туслах зорилгоор төрийн болон төсвийн байгууллагуудад нэг боломж олгож байгаа. 2017 онд хэмнэгдсэн зардлыг нь, бас давсан орлогыг нь тухайн байгууллагад үлдээж байгаа. Үүнийгээ зөвхөн ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, орлогыг нэмэгдүүлэхэд зориулах хатуу болзолтой. Ингэхдээ  ажилчдын цалин хасах, орон тооо цомхотгох байдлаар орлогоо хэмнэхийг  хориглож байгаа.  Харин эдийн засгийг тогворжуулах хөтөлбөрөө хэрэгжүүлснээр 2018 оноос цалин, тэтгэврийг нэмэх бололцоо гарч ирнэ гэж Засгийн газар тооцож байгаа” гэсэн бол тэтгэвэр нэмэх тухайд “2017 оноос тэтгэвэрт гарвал нэмэгдлийг урьдын адил 36 сараар тоцож өгнө. Тийм учраас байгууллагууд он гартал аль болох тэтгэвэрт гаргахгүй байх хэрэгтэй” гэсэн юм.
Түүнчлэн сүүлийн үед анхаарал татаад байгаа Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалын тухайд “Үйлдвэрийн 49 хувь нь Монголдоо, монголчуудын мэдэлд ирсэн нь сайн хэрэг. Харин хувьчлалын явцад  хуулийн зөрчил байгаа эсэхийг Ажлын хэсэг шалгаж байгаа. Удахгүй олон нийтэд танилцуулж, шат шатандаа яригдах байх. Гэхдээ 49 хувь бол компанийн удирдлага биш. Тийм учраас төр 51 хувийн эрх мэдэлдээ эзэн болж удахгүй ТУЗ-өө томилж, удирдлагын эрхээ хэрэгжүүлнэ. Тэгэхээр жирийн ажилчдын эрх ашгийг хохироосон үйлдэл гарахгүй.  Үйлдвэрийн 15 хувийг тус үйлдвэрийн ажилчид давуу эрхээр эзэмшинэ гэдэгтэй би санал нийлэхгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн ашгийг монгол хүн бүр хүртэх ёстой. Тийм учраас цаашдаа “Эрдэнэс Монгол” компани төрийг төлөөлж стратегийн орд бүхий компаниудын хувьцааг эзэмшинэ, харин монгол хүн бүр “Эрдэнэс Монгол” компанийн хувьцаанаас эзэмших байдлаар явна” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
“Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын тухайд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “”Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан гэх компаниас хууль ёсны мөнгөөр нь авсан бол улс буцааж авах арга байна. Улсын мэдэлд үлдээсэн нь зөв гэсэн байр суурьтай байна. Манай улсыг 30, 40 жил тэжээсэн компанийг цөөн хэдэн хүмүүсийн хуйвалдаанд алдаж болохгүй” хэмээн мэдэгдээд байгаа билээ.
Г.НАРАН