Б.Чойжилсүрэн: Ирэх оны төсвийн төсөлд цалинг хэвээр хадгалахаар тусгасан

421

527-1475227532mo2016093005000-jpg

Ирэх онд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5.5 их наяд төгрөг, зарлага 8,5 их наяд төгрөг байхаар тооцон эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөртэй уялдуулсан хэмээн Сангийн яамны удирдлагууд онцолж байна.
 
Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Дэд сайд Х.Булгантуяа, Сангийн яамны төсвийн газрын дарга Б.Ганбат ирэх оны төсвийн төслийн талаар сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл хийлээ. 
 
 Сангийн сайд Б.Чойжилсүрэн ярихдаа, “2017 онд эдийн засгийн өсөлтийг гурван хувьд хүргэх тооцоог гаргалаа. 2017 онд төсвийн төслөөр Тавантолгой, Гацууртын орд, Оюу Толгойн далд уурхайн төслүүдийг эрчимтэй хэрэгжүүлснээр дээрх өсөлт ирнэ. Нэгдсэн төсвийн нийт алдагдал 2.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 9,9 хувьтай тэнцэхээр тооцсон. Ирэх оны  татварын бодлогыг тогтвортой байлгаж, шинээр татвар бий болгохгүй.  2017 оноос зорилтот бүлгийн гэр бүлд хүүхдийн мөнгө олгох юм. 2019 оноос эхлэн бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг нөхөж олгохоор төсвийн төсөлд суулгасан. Харин Боловсролын зээлийн санг 101.5 тэрбум төгрөгөөр,  Насны хишиг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 20.5 тэрбум төсөвлөсөн. Мөн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ноос, хүнсний улаан буудайн урамшуулалд  54 тэрбум төгрөг, “Соёл урлагийг дэмжих сан”, “Эрүүл мэндийг дэмжих сан”, “Спортыг дэмжих сан”-г шинэчлэн байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлэхэд тус бүрт нь 3 тэрбум төгрөг тусгалаа” хэмээн тодотгов.
 
 Тэрээр сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариулт өглөө.
-“Стэнд бай” хөтөлбөрт хамрах  хүсэлтийн хариуг  ОУВС өгсөн үү?
– ОУВС-гийн төлөөлөгчид манай улсад өнгөрсөн  сарын 15-17-нд ажилласан. Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан захидлыг ОУВС-д илгээсэн юм.Захидлын хариуд ОУВС техникийн багийг 10 дугаар сард ажиллуулахаа илэрхийлсэн.  Тиймээс техникийн баг ажилласаны дараа хэлэлцээр хийж “Стэнд бай” хөтөлбөрт  хамрах эсэхийг шийднэ.
– 2017 онд манай улс хэчнээн төгрөгийн өр төлөхөөр байгаа вэ. Хэчнээн  төгрөгийн бонд гаргах төлөв гарав?
– Монгол Улс  6.6 их наяд төгрөгийн зээл төлнө. Энэ нь төсвийн орлогоос давсан  нь нууц биш. Тиймээс дээрх хэмжээний бонд гаргах байх. Эсвэл өмнө нь гаргасан бондоо хойшлуулах арга хэмжээ авна.
 -Монгол Улс зээлээ ямар эх үүсвэрээс төлөх вэ?
-Бондыг бондоор төлөх арга хэмжээ авахаас биш төсөв алдагдалтай  үед  санхүүжүүлэлт гаргах боломжгүй.
-Төрийн өмчит компаниудын хувьчлалын асуудлыг хэрхэн шийдэхээр болсон бэ?
-Алдагдалтай ажиллаж байгаа Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг ашигтай ажиллуулах чиглэл өгсөн.
-Ирэх оны төсвийн төсөлд цалин хөлсийг нэмэх асуудлыг суулгасан уу?
-Одоо түвшинд цалинг хадгалах шийдвэр гарсан. Нэгдсэн төсвийн орлого хангалттай нэмэгдэж чадаагүй учраас цалин энэ оны түвшиндээ байна.
-2017 онд төсвийг урагшлуулах ямар бүтээн байгуулалтууд өрнөх вэ?
– Эхний ээлжинд Тавантолгой төслөө урагшлуулна. Төмөр замын төсөл, Тавантолгой цахилгаан станц, Гацууртын орд зэрэг томоохон төслүүдийг ирэх  хавраас хэрэгжүүлнэ.

Эх сурвалж http://www.info.mn