Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх болон МАН-аас УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог буюу Өмнөговь аймагт нэр дэвшигч Н.Наранбаатар, Х.Мандахбаяр нар тойргийнхоо иргэд, сонгогчидтой уулзаж, 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар гадаад, дотоодын 1500 эрдэмтэн судлаач, бүх салбарын төлөөлөл, ард иргэдийн санал дүгнэлтэд үндэслэн өнгөрсөн 30 жилээ дүгнэж, ирээдүйн 30 жилээ төсөөлж, тодорхойлон боловсруулж, батлуулсан “Алсын хараа-2050” баримт бичигтэй МАН “Хөгжлийн гэрээ 2020-2024” мөрийн хөтөлбөрөө уялдуулж боловсруулсан учраас хүнд хүрч, хөрсөнд бууж хэрэгжих бодит мөрийн хөтөлбөр гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх уулзалтын эхэнд тодотголоо. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд улс эх орноо хөгжүүлэхэд эхний ээлжид таван том асуудлыг заавал хийж хэрэгжүүлэх ёстой гэж үздэг бөгөөөд энэхүү үзэл баримтлалыг мөрийн хөтөлбөртөө тусгасан талаар ярилаа.
Нэгдүгээрт, ард иргэдээ эрүүл хүнсээр, мөн орон сууцаар хангах ёстой. Иймд өнгөрсөн гурван жилд үр тариа, газар тариалан, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт анхаарлаа хандуулж ажиллаж байна. Бид хүнсээр зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангах биш, гадаадад экспортод гаргах боломжтой. Ийм боломжийг та бид хамтдаа бүтээж чадна.
Хоёрдугаарт, эх орноо эрчим хүчээр хангах ёстой. Бид IV цахилгаан станцыг өргөтгөсөн, одоо III цахилгаан станцыг өргөтгөнө. Дарханд шинээр цахилгаан станц барьж байгуулсан. Таван толгойн цахилгаан станцыг барихаар болсон. Дөрвөн жилийн дараа гэхэд бид гадаадаас эрчим хүч авдаггүй, өөрсдөө эрчим хүч экспортлогч орон болно.
Гуравдугаарт, газрын тос боловсруулагч орон болно. Бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэд бүтцийн ажлыг нь хийж дуусгасан. Нефтийн үйлдвэрт ажиллах 500 хүний орон сууцыг барьж байна. Одоо үйлдвэрээ барих ажлыг эхлүүлэх гэж байна. 2023 оны сүүлч гэхэд газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулна.
Дөрөвдүгээрт, дэд бүтцийн асуудлаа шийднэ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 2000 км автозам тавилаа. Монголчууд өөрсдөө газрын тосны үйлдвэрийн 100 тоннын даацтай автозамыг барьсан. Төмөр замыг монгол инженерүүд, цэргүүдтэй хамт тавьж байна.
Тавдугаарт, харилцаа холбоо, мэдээллийн технологийг хөгжүүлнэ. Эдгээр таван асуудлыг цогцоор нь шийдэж чадвал Монгол Улс мандан бадарч, хөгжин дэвших болно гэв.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Өмнөговь аймагт нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэсэн тухайгаа ярилаа. Тэрбээр Монголын төр задарсныг нь захирч, засаглаж чаддаг, ядарсныг нь хайрлаж, хамгаалж чаддаг байх ёстой. Монгол төр бол байгалийн баялгийг хууль бусаар олж авч, баяжсан баян айлын сахилгагүй хүүхдүүдийг хүмүүжүүлдэг цэцэрлэг биш, гэмт хэрэгтнүүд ял завшиж орогнодог газар биш харин ардын хүүхдүүд сууж ажил хийдэг, төрийн бодлогоо тодорхойлдог газар байх ёстой. Тиймээс эх орон, газар шороогоо худалдахгүй, эх орон, ард түмнээ гэсэн сэтгэлтэй, хувийн эрх ашгаа төр, ард түмнийхээ эрх ашгаас доогуурт тавьж чаддаг, мэдлэг боловсролтой, ажлын дадлага туршлагатай залуучууд Монголын төрд ажиллах ёстой. Эдгээр шалгуур шаардлагыг Н.Наранбаатар, Х.Мандахбаяр нар бүрэн дүүрэн хангаж байгаа учраас өмнөговьчуудын элч төлөөлөгч болгохоор итгэл хүлээлгэсэн гэдгийг онцлон дурдав.
МАН мөрийн хөтөлбөрийнхөө “Орон нутгийн хөгжил” бүлэгтээ аймаг тус бүрт томоохон 10 жилийг хийж хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний дагуу Өмнөговь аймагт 2020-2024 онд дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
- Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:
- Гэр хорооллын газрыг дахин барилгажуулах төсөл800
- Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800
- Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 200
- Түрээсийн орон сууц- 200
- Технологи, уул уурхайн чиглэлээр их дээд сургууль байгуулна.
- Аж үйлдвэрийн парк байгуулна.
- Хил орчмын болон палеонтологийн аялал жуулчлалыг хөгжүүлж, палеонтологийн судалгааны төв, музей байгуулна.
- Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн 220 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг үргэлжлүүлж дуусгана. Сэврэй-Хонгор чиглэлийн авто зам барьж, Чойр-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлнэ. Авто замын сүлжээг өргөтгөх хүрээнд говийн сумдыг сайжруулсан болон засмал замаар холбох ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.
- Ханбогд суманд дулааны цахилгаан станц барьж, Сэврэй, Ноён, Гурвантэс сумдыг төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбоно.
- Аймгийн нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгож сайжруулна.
- Эко Даланзадгад шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийг барьж байгуулан, Цогтцэций суманд Тавантолгой шинэ суурьшлын бүс байгуулна.
- Цөлжилтөөс хамгаалах элсний аж ахуйн цогцолбор хөгжүүлнэ.
- Орхон-Онги-Улаан нуур төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг шийдвэрлэнэ.
МАН-ын сонгуулийн штаб