ТОСК-ийн захирал асан А.Гантулгыг яллагдагчаар татжээ

372

Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлаар ажиллаж байсан А.Гантулга нь “хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрэм, журмаар олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” үндэслэлээр яллагдагчаар татагдсан байна.
А.Гантулгыг Монгол улсын Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2, 268 дугаар зүйлийн 268.1, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар татаж, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэхь хэсэгт заасныг үндэслэн Дүүргийн эрүүгийн анхан шатны 1 дүгээр Шүүхийн шүүгчийн захирамжаар түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байна.
Яллагдагч А.Гантулгад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар хуульд заасны дагуу гэр бүлийн гишүүдэд нь мэдэгдсэн ба мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна.

Эх сурвалж: www.info.mn