Д.Сарангэрэл: Сэтгүүлч санаатайгаар гүтгэдэггүй

624

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Хэвлэл мэдээллийн байгууллагууд үнэний төлөө тэмцэл хийснийг аргагүйн эрхэнд хийсэн зөв зүйтэй алхам байсан гэж үзэж байна. Хэвлэлийн түүхэнд ийм үйл явдал гарч байсан ч олноороо эсэргүүцэл илэрхийлж байсныг санахгүй байна. Улстөрчид бие биенээ хаацайлдаг. Чингис бондоос хэн нь хэдийг авсныг бодитойгоор мэдэхгүй байгаа. Үүнийг хаах, санхүүжилтээр нь боож хэвлэл мэдээллийг боомилох гэсэн санаа гэж хэвлэлийнхэн үүнийг дүгнэж байгааг буруу гэхгүй.

Бичсэн сэтгүүлчийг нь мөшгөөд явдаг.  Гүтгэхийг хэн ч дэмжихгүй байгаа. Сэтгүүлч санаатайгаар хүн гүтгэдэггүй. Яарч даараад сонин нь буух, телевизийнхний хувьд цаг нь болох гээд алддаг онодог юм бий. Хэрэв тэгсэн бол алдааныхаа төлөө уучлал гуйх ёс зүйн зөвлөлийг байгуулаад ажиллаж байгаа. Хууль өнөөдөр хэнд үйлчилдгийг бүгд мэднэ. Эрх мэдэлтэй мөнгөтэй хүнд үйлчилдэг.

Парламентын 76 гишүүн бүгдээрээ торгуулийг өсгөхөөр ажилласан гэж бодохгүй байна. Дөрөв таван гишүүн төгөлдөр хуур дарсан, бусад нь мэдээ ч үгүй байгаа гэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Засгийн газар Зөрчлийн хуулийг өргөн мэдүүлэхдээ гүтгэх заалтаар торгууль нь хувь хүн 2 сая, хуулийн этгээд 20 сая төгрөг байхаар оруулж ирсэн.

Хууль зүйн байнгын хороогоор төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед санал гаргаад хувь хүнд 10 сая, хуулийн этгээдэд 100 сая төгрөгийн торгууль ногдуулахаар болж, нэмэгдсэн байгаа. Чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураах үед энэ санал дэмжигдэхгүй бол хуучин санал нь үлдэнэ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Ц.Гарамжав гишүүн саналаа татаж авсанд талархаж байна. Гүтгэлэг гэдэг үгийг юу гэж ойлгох вэ гэдгээ сайн зааж өгөх шаардлага байгаа. Хардах, мэдээллийн араас мөшгөх үүрэгтэй. Хэвлэл мэдээллийн байгууллагын үүргийг хязгаарласан үйлдлийг хийж болохгүй гэлээ.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.