УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж 58 гишүүн оролцож 74.1 хувийн саналаар баталлаа.
Энэ хуулийн төсөлд АТГ-т ХОМ өгдөг 38900 хүн, тэдний ар гэрийнхэн болон хамаарал бүхий хүмүүс оффшор бүсэд данс нээж болохгүй гэсэн гол зохицуулалтыг оруулсан.
Хуулийн төсөл батлагдахаас өмнө Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 10.1-д ‘Нэр дэвшигч болон сонгогдсон албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээд нь офшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэсэн байгуулахыг хориглоно’ гэсэн заалтын талаар гишүүд зарчмын зөрүүтэй санал хэлж, асуулт асуусан юм.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-оргил
’42 офшор улс орноос Монгол руу хөрөнгө оруулж болохгүй гээгүй. Төрийн алба хааж байгаа бол эдгээр улс орнуудад мөнгө байршуулж, данс нээлгэхийг хориглож байгаа юм. Эдгээр улс орнуудад татвараас зугтах, мөнгө угаах ажилтай холбоотой асуудлууд яригддаг. Тийм учраас офшор данс, хөрөнгөтэй байя гэвэл төрийн албанаас гарах хэрэгтэй’ гэлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
‘Хууль бус аргаар олсон мөнгөө хэн ч эхнэрийнхээ юм уу хамаатныхаа нэр дээр бичихгүй. Нууц амрагынхаа нэр дээр биччихсэн байвал яах юм бэ. Тэгэхээр хамаарал бүхий этгээд гэдэг чинь оновчгүй байна’ гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ‘Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд хамаарал бүхий этгээдэд нэгдмэл сонирхолтой этгээдийг хамруулсан нь маргаан дагуулах нь гарцаагүй шүү дээ. Монголын гурван сая иргэн нэгдмэл сонирхолтой этгээдэд хамаарч байгаа юм. Учир нь бүгд л Эрдэнэс таван толгойн 1,072 хувьцааг эзэмшиж байгаа шүү дээ.
Хуулийн нэр томъёог зөв илэрхийлэхгүй бол хэцүү байдалд хүргэж байна. Өнгөрсөн парламентед би энэ хуулийг баталсан. Иргэдийг буруутан болгохоор хууль оруулчихлаа’ гэв.
Үргэлжлүүлэн Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.