Чуулган: Төр бүсээ суллалаа

477

УИХ-ын чуулган эхэллээ. Хуралдаан өнөөдөр /2017.04.12/-ны 15.00 цагт хуралдаж Үндсэн хуулийн цэц 2017 оны хоёрдугаар сарын 22-нд гаргасан дүгнэлтийг хэлэлцсэн билээ. Үүний дараа Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх гэсэн боловч УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан билээ.

Тэдэнд өгсөн гурван цагийн завсарлага дуусч 19.00 цагаас чуулган хуралдаж эхэллээ. Хуралдааны эхэнд Төсвийн байнгын хороо улсын төсвийн тодотголтой холбоотой байнгын хорооны дүгнэлтээ танилцуулсан. Үүний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлгүүд тус бүр дүгнэлтээ танилцуулав. Чуулганы хуралдаанд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат үг хэллээ. Тэрбээр “Төр бүсээ чангалж байж түмэн олон бүсээ чангалдаг. Гэтэл төр бүсээ суллаж, түмэн олон бүсээ чангалж байна.  Ард түмний нэрээр хувийн өмчийг нийгэмчлэх хандлага гарлаа. Ард түмэн, баялаг бүтээгчид тэсрэхэд бэлэн байна. МАН сонгуулийн амлалтаасаа бүрэн буцлаа” гэсэн юм. Харин олонхийн бүлгийн дарга Д.Хаянхаярваа “ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй мухар гудамжны үзүүрт хүргэсэн байна. АН-ын зүгээс гадаадаас зээл авалгүйгээр эдийн засгаа аваад явах боломж байтал ОУВС-аас зээл авч, өрийн дарамтыг нэмэгдүүлэх гэж байна хэмээн ард түмэнд буруу ташаа үйлдэл гаргаж байна” гэв.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.