Оффшорын эсрэг албан бус бүлэг байгуулжээ

502

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, М.Билэгт, Н.Учрал, Х.Болорчулуун, А.Сүхбат нар өнөөдөр /2017.04.11/ УИХ-ын дарга М.Энхболдод оффшорын эсрэг албан бус бүлэг байгуулж ажиллах болсон талаараа мэдэгдэж, албан бичиг гардуулав.

УИХ-ын гишүүд дараа нь хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.

УИХ дахь оффшорын эсрэг энэхүү бүлэг нь хуулийн байгууллагад дэмжлэг үзүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, оффшорт нэр холбогдсон улстөрчид, төрийн өндөр албан тушаал хашиж байсан болон хашиж байгаа хүмүүсийг шалгуулах, хэрэв хууль бус хөрөнгө болох нь тогтоогдвол эгүүлэн татах, хуулийн хариуцлага тооцуулах, төрийн удирдах албан тушаалтнуудын ёс зүйг хангах, бизнесийн эрүүл орчинг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах юм байна.

УИХ-ын гишүүд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.