Хилийн 0130 дугаар ангийн Хил хамгаалалтад туслах хүчний гишүүн, Ховд аймгийн Үенч сумын Цагаан түнгэ багийн иргэн Д.Отгонбаярынд таван ихэр ишиг мэндэлжээ. Гуравдугаар сарын 22-ны өдөр тэдний хотны улаан ямаа нь таван ихэр ишиг гаргажээ. Энэ талаар гэрийн эзэн ярихдаа “Их ховор сайхан зүйл манай гэр бүлд тохиогоод байна. Таван ихэр ишиг хараад цочирдож балмагдсан. Мал сүрэг маань өсөж үржихийн бэлгэдэл биз ээ гээд баярлаж сууна” гэсэн юм.
Д.Отгонбаяр 1990 оноос эхэлж мал маллаж байгаа аж. 1991 онд Хил хамгаалалтад туслах хүчний гишүүнээр элссэнээс хойш одоо хүртэл хилчидтэйгээ ойр байж хамтран ажиллаж иржээ.
Хил хамгаалалтад туслах хүчний гишүүний үнэмлэхтэй, тангараг өргөж буу үүрээгүй ч сэтгэл зүрх, оюун бодлоороо үргэлж хилчидтэйгээ хамт байдаг Д.Отгонбаяр, З.Янжмаа нарын хот энэ жил 250-аад шинэ төлөөр толгой нэмэхээр зэхэж байна.
Эх сурвалж: Зууны Мэдээ