ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БНСВУ-Д АЙЛЧИЛНА

318

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-ын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бин Минь-ийн урилгаар 2017 оны 4 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд БНСВУ-д албан ёсны айлчлал хийнэ.

Сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук-д бараалхаж, Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бин Минь-тэй албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд айлчлалын хүрээнд Вьетнамын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Аж үйлдвэр, худалдааны сайд нартай уулзана.

Айлчлалаар Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулж, хоёр орны хоорондын улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, нийгэм соёл болон олон улс, бүс нутгийн  хамтын ажиллагааг  өргөжүүлэх асуудлаар тус тус санал солилцоно.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд  2001 онд БНСВУ-д айлчилснаас хойш 16 жилийн дараа ийнхүү албан ёсоор айлчлах гэж байна.

Монгол Улс, БНСВУ-ын хооронд 1954 онд дипломат харилцаа тогтоосноос хойш бүхий л салбарын хамтын ажиллагаа өргөжиж ирсэн бөгөөд хоёр улсын худалдааны эргэлт 2016 онд 42.8 сая ам.долларт хүрээд байна.

Эх сурвалж: www.mfa.gov.mn