Евро 2016-гийн түүхэн хожилоос 9 сарын дараа Исландад олон хүүхэд мэндэлжээ

568

Европын жижигхэн улс Исландын хөлбөмбөгийн шигшээ баг өнгөрсөн оны зургаадугаар сард Евро 2016 тэмцээнд гайхамшгийг үзүүлж, дэлхий нийтийн анхаарлын төвд орж байв.

300 мянга орчим хүн амтай Исландчууд тэгэхэд алдарт Английн шигшээг 2:1-ээр хожсон юм. Тэгвэл энэ дуулианаас хойш яг есөн сарын дараа Исландад маш олон хүүхэд шинээр мэндэлсэн байна.

Орон нутгийн хэвлэлд бичсэнээр энэ сард тус улсын түүхэнд байгаагүй их хэмжээний төрөлтийн өвдөлт намдаах эмийг Исландын эмнэлгүүдэд хэрэглэсэн тоо гарчээ.

Исландчууд 2016 оноос өмнө Европын ямар ч том тэмцээнүүдэд орж байгаагүй бол Евро 2016-д тэд шигшээ наймд шалгарсан юм. Тиймээс Исландын хүн амын бараг 10 хувь нь өөрийн биеэр Францад очиж багаа дэмжсэн бол Исландын телевизийн үзэлтийн 99.8 хувь нь хөлбөмбөг болоод байв. Гэхдээ тэд шигшээ дөрөвт шалгарч чадалгүй Францад хожигдсон.

Энэ их хөөрлийн нэг үр дүн одоо гарч байгаа нь хүүхэд олноор төрж байгаа явдал юм байна.

Гэхдээ спортын үр дүн хүүхэд төрөлт нэмэгдэхэд нөлөөлсөн тохиолдол ганц Исландынх биш. 2006 онд Германчууд ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулж, гуравдугаар байрт орсноос есөн сарын дараа төрөлтийн хэмжээ нь 30 хувь нэмэгдсэн байдаг.

Мөн 2009 онд Барселончууд Аваргуудын лигт түрүүлсний дараа Испанид хүүхэд төрөлт 16 хувь нэмэгдэж байжээ.

Харин Исландчуудын хувьд ямар амжилт үзүүлсэн тоон мэдээлэл хараахан гараагүй байна.

Эх сурвалж: Foreign Policy