Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэг авлига, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр баривчлан хорих шийдвэрийг Сөүлийн шүүх өнгөрсөн шөнө гаргалаа.
Даваа гарагт прокурорын гаргасан баривчлах хүсэлтийг Сөүлийн төв тойргийн шүүх өчигдөр есөн цагийн турш сонсож, хэлэлцсэн юм. Шүүхийн танхимаас Пак Гын Хэг шууд хорих төв рүү авч явсан байна. Түүнийг хар седан автомашинд суулган хорих төв рүү авч яваа дүрсийг орон нутгийн телевизийн сувгууд дамжуулжээ.
Азийн дөрөв дэхь том эдийн засагтай орныг хэдэн сарын турш доргиосон дуулианы эцэст ийнхүү 65 настай экс ерөнхийлөгчийг баривчлан хорилоо.
Одоо прокурорууд 20 хоногийн дотор түүнийг яллах юм. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Чун Хигийн охин Пак Гын Хэ нь Чун Ду Хван, Ро Тэ У нарын дараа тус улсын гурав дахь гэмт хэрэгтэн ерөнхийлөгч болж байна.
Пак Гын Хэг өөрийн найз Чой Сүүн Силд томоохон компаниудаас авлига авахад нь тусалсан, улсын нууц задруулсан гэж буруутгаж байгаа. Түүнээс өмнө 1990-ээд оны үед төрийн эргэлт хийх гэж оролдсон, төсвийн хөрөнгө завшсан хэргээр Чун Ду Хванд цаазын ял, Ро Тэ Уд 22.5 жилийн хорих ял тус тус оноож байсан юм. Сүүлд хоёуланд нь өршөөл үзүүлж байжээ.
Эх сурвалж: Reuters