‘Эрдэнэс тавантолгой’ IPO хийх бэлтгэл хангана

568

“Эрдэнэс тавантолгой” ХК БНХАУ-ын “Чалько” компанид төлөх байсан 110 сая ам.долларын өрөө бүрэн барагдуулж дуусгалаа. Мөн олборлогч компани ”ТТJVCO”- д 64 сая ам.долларын өртэй байсныг бүрэн барагдуулжээ.

Тус компани 2011 онд “Чалько” компанид нүүрсээ нийлүүлэхээр болж, урьдчилан 350 сая ам.доллар авсан ч 2012 оны УИХ-ын сонгуулийн дүнд бүрдсэн шинэ Засгийн газар гэрээг нь цуцалсан, мөн дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унасан зэрэг шалтгааны улмаас өрөө цаг хугацаандаа барагдуулж чадахгүйд хүрч сунжирсан байдаг.

Иймээс шинэ баг өрийг цаг алдалгүй барагдуулахын тулд  Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу нүүрс борлуулалтын үнийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар тогтоох бодлого хэрэгжүүлж, Цанхийн баруун уурхайн үйл ажиллагааг дахин эхлүүлсэн байна. Ингэснээр долоон сарын хугацаанд 174 сая ам.долларын өрийг бүрэн барагдуулж чаджээ. Өр барагдсанаар Цанхийн зүүн уурхайн үр өгөөж Монгол Улсын төсөвт бүрэн орох нөхцөл бүрдсэн байна.

Энэ талаар “Эрдэнэс тавантолгой” компаниас өчигдөр мэдээлэл хийсэн юм.

Одоо тус компани IPO хийх бэлтгэл  хангаж эхлэх юм байна. Гадаадын бирж дээр гарснаар хөрөнгө босгоно.  Тэр хэрээр иргэдийн Тавантолгойн 1072 ширхэг хувьцаа үнэд орох юм. Ирэх жилийн сүүлээр гаднаас хөрөнгө босгох боломж бүрдүүлнэ гэж үзэж байна.

Энэ жилдээ эхлүүлэх хоёр дахь ажил нь нүүрс баяжуулах үйлдвэр. Эхний удаад нэг сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулна. Цаашдаа угсруулж барьснаар жилдээ таван сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэртэй болох аж.

2020 он гэхэд нүүрс олборлолтыг 35 сая тоннд хүргэнэ. Ингэхдээ “Эрдэнэс тавантолгой” компани өөрсдөө тоног төхөөрөмж техниктэй болж, олборлолт хийх боломжийг судалж эхэлжээ. Цанхийн уурхайд олборлолт хийдэг болсон цагт ашиг нь илүү өндөр тусах тооцоо гарчээ.

‘Эрдэнэс тавантолгой’ ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд сэтгүүлчдийн асуултад хариулсан хэсгээс…

-“Чалко” компанийн өрийг барагдуулснаар Тавантолгойн ордын нүүрсийг дэлхийн зах зээлийн үнээр борлуулах боломж бүрдэх үү?

-“Чалко” компанитай хийсэн гэрээнд өрөө барагдуулж дууссаны дараа таван жилийн хугацаанд Зүүн цанхийн ордын нүүрсний 80 хувийг нийлүүлнэ гэж тусгасан. Гэхдээ бид үнийг тодорхой хэмжээнд өсгөж, дэлхийн зах зээлийн жишигт хүргэх санал тавьсан. Одоо хэлэлцээр явж байна.

Ер нь бол Зүүн цанхийн нүүрсийг Баруун цанхийн жишгээр борлуулна гэж ойлгож болохгүй. Энэ бол урт хугацаатай гэрээ. Хоёр орны төрийн өмчит компанийн хооронд хийгдэж байгаа гэрээ юм. Гэрээгээ мөрдөх ёстой.

-“Эрдэнэс Тавантолгой” компани дотооддоо хэдэн төгрөгийн өртэй вэ?

-Хүний хөгжил сангаар дамжуулан иргэдэд олгосон 200 сая ам.долларын өр бий. Хүү нь 39 сая ам.доллар. Ам.долларыг төгрөгт шилжүүлж тооцоход бидний төлөх өр 700 гаруй тэрбум төгрөг болох юм. Үүнийг энэ онд багтаан тодорхой хэсгийг барагдуулах талаар Ерөнхий сайд өнөөдөр ярилаа.

-1072 хувьцаанд хэзээнээс ногдол ашиг тараах вэ?

-Бүртгэлийн асуудал бүрэн дуусаагүй байгаа учраас 1072 хувьцаа манай блансад бүртгэгдээгүй байна. Сонгуулийн өмнө л гэхэд хувьцаагаа зарсан нь 300 мянган төгрөг авсан. Түүнээс өмнө оюутнууд төлбөртөө өгсөн зэрэг асуудал бий.

Одоо Сангийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ бүхнийг нэгтгэхээр ажиллаж байгаа. Энэ оны сүүлээр дотоодын өрөө бүрэн барагдуулсны дараа компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, 1072 хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргана. Ингэснээр ногдол ашиг буюу хишиг хүртээх боломж бүрдэнэ.